Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхлэх талаар Хотын захирагчийн Ажлын албанаас мэдэгдлээ.
Их хот маань жилийн жилд л хур хогноосоо салдаг. Хэсэг хугацааны дараа буцаад л хогоор дүүрдэг. Дахиад л их цэвэрлэгээ…
Хамгийн гол нь хотын иргэдийн сэтгэлгээг өөрчлөх чиглэлээр томоохон ажил зохиомоор байна. Нийгэмшээгүй, суурин соёл иргэншлийн дүрмийн талаар А ч мэдэхгүй хүмүүс хаа тааралдсан газраа хог хаяж, орчноо бохирлон бузарлаж байгааг засаж залруулахын тулд нөлөөллийн ажил хийхээс гадна торгууль оноох нь зөв. Уг нь олон нийтийн газар нус цэр, хогоо хаяхыг хориглосон журам байдаг юм билээ. Даанч хэрэгжихгүй юм. Энэ дүрэм журмаа сайтар сурталчилж, хариуцлага тооцдог механизмаа сайжруулахгүй бол жилийн жилд хог цэвэрлэх ажилд зарцуулах мөнгө үр дүнгүй болоод дуусна! Нэг нь цэвэрлээд, нөгөө нь хог тариад байдаг үзэгдэл арилаагүй цагт өдөр болгон их цэвэрлэгээ хийгээд ч нэмэргүй!
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапур улс гудамжинд нус, цэр, шүлсээ хаях, тааралдсан газраа хог тарихын эсрэг өндөр торгуулийн арга хэмжээ авснаар эрүүл орчинг бүрдүүлж чадсан юм шүү. Өөрсдөө цэвэр цэмцгэр орчинд амьдрахаас гадна жуулчдыг татая гэвэл дуртай газраа нус, шүлс, хогоо хаядаг сэтгэлгээг үгүй болгох хэрэгтэй. Үүний тулд албадлагын арга хэмжээ авахаас өөр арга алга! Тарьсан хогийг чинь өндөр цалинтай ТҮК-ын ажилтнууд цэвэрлэнэ гэх бус хог тарихгүй байх ухамсар, сэтгэхүйг хотод амьдарч байгаа хүмүүсийн толгойд суулгах хэрэгтэй болжээ!
Д.Лхагва