УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэгүйдсэн. Би өөрөө сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнэ сайдын дарамтад өртөж байсан. Эрх мэдлээ тогтоон барих, тэлэх, бэхжүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг харуулж байна. Монгол төр, Монгол Улсын Засгийн газар ийм хандлагатай хүмүүсийн гарт тогтож болохгүй. Өнөөдөр хүмүүс хоорондоо утсаар ч ярьж чадахаа больсон, жагсаал хийж болохоо байсан. Жагсаал хийе гэхээр санхүүжүүлсэн компаниудыг дарамталдаг. Юу ч хийж болохоо больсон. Бүгдийг нь барьж чадна гэж тооцсон. Гэтэл тэгэх боломжгүй гэдгийг дэлхийн түүх өөрөө хэлнэ. Энэ бол зөвхөн би ярьж байгаа асуудал биш. Олон нийтийн амсаж ирсэн дарамт юм” хэмээв.