Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөс сонгогдсон нь манай ахмад улстөрч Э.Бат-Үүлийн ундууцлыг ихээр төрүүлж байгаа юм. Тэрбээр өмнө нь “Д.Трамп ялсан нь дэлхийн дарангуйлагчдыг оодруулна” гэж бичсэн бол Д.Трампыг тангараг өргөсний дараа “Трампаас хойш: Монгол орон жинхэнээсээ Хятад, Оросын “дотоод хөрш” болно. Хятад Орос хоёр тохиролцоод Монголыг говь, хангайгаар нь зааглаж хувааж авна уу; эсхүл Хятад нь “алдагдсан нутаг” гэж шаан Оросын эс үйлдлээр Монголд цэргийн ажиллагаа явуулна уу, хоёулаа нийлээд Монголыг “Хойд Солонгос” болгоно уу хэнд ч хамаагүй болно! Жижиг Монголыг өмгөөлөх НҮБ, ОУЭШ, Эрх чөлөөт улсуудын эвслийг Трамп бүгдийг нь Путины дэмжлэгтэйгээр устгана, үгүй дээ тамиргүй болгоно! Уг нь НҮБ, их гүрнүүдийн дээрэнгүйллээс жижиг орнуудыг хамгаалах санаатай байгууллага бсан шүү ухаантай! Одоо л монголчууд эрх чөлөөт амьдралдаа хэр хайртай болохыг шалгасан сорилтын жилүүд эхэлж байна. Швейцарьчууд шиг эрх чөлөөгөө бурханчилдаг ард түмэн бид мөн бол,дэлхийн хамгийн нэр төртэй эх орныг үр хүүхдүүддээ үлдээж чадна! Эр зоригтой ард түмэн цөөддөггүйг дэлхийд бид нэг удаа маааа…аш томоор харуулсан билээ! Одоо урвагчдаар баян болчихоод байна даа!” хэмээн постолжээ.
Жижиг улсын чөлөөнд гарсан улстөрч их том сэдвээр сэвэхийн учир юунд байна вэ?
Д.Дорж