Нидерландын Вант Улс буюу Голландыг зориод ирлээ. Мэдээж хүний нийгэм л болсон хойно сөрөг үзэгдэл байлгүй яахав. Гэхдээ энэ удаад зөвхөн давуу талыг нь хэрхэн ажигласнаа онцлоё.
Баруун Европын Нидерландын Вант Улсад есөн жилийн дараа гурав дахь удаагаа хөл тавилаа. Бараг 10 жилийн дараа өөрчлөгдсөн зүйл Эйндховен хотын хувьд л төдийлөн ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, барилга байшин цөөн тоогоор нэмэгдэх нь нэмэгдэж. Гэхдээ төлөвлөлтгүй, хүний ая тухтай орчинд сөргөөр нөлөөлөхгүйц барилгыг л лав олж харсангүй. Угаасаа энэ улсад бүх зүйлийг нарийн төлөвлөж хийдэг учраас хэдэн жил өнгөрсөн ч тогтсон стандарт, хэм хэмжээ нь огтхон ч алдагдадгүй байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчинд хамгийн гол бодлогоо чиглүүлдэг нь атаархмаар. Хүүхдэд ч, том хүмүүст ч ээлтэй орчинг бүрдүүлээд, олон жил тэр хэв шинж, зарчим, үнэт зүйлээ ямар ч цаг үед хадгалаад ирж.
Шат шатны авлига, хүнд суртал хэмээх хорт хавдар байхгүй, тийм ойлголтгүй учраас төлөвлөлтгүй, самбараагүй шавсан барилга баригдах нөхцөл огт байдаггүй аж. Алга дарам газар дээр 16 давхар барилгуудыг чанар, стандарт, хоорондын зайг нь харгалзалгүй цутгана гэдэг ойлголт алга. Тухайн газрын хөрсийг шинжилж үзээд 5 давхараас дээш байшин барьж болохгүй л гэсэн дүгнэлт гарсан бол ямар ч ар, өврийн хаалга, авлига хэрэггүй. Ялангуяа хөрс сийрэг газарт өндөр барилга барих зөвшөөрөл олгодоггүй гэнэ.
Том, том тоглоомын талбай цөөнгүй. Онцлог нь машин тэрэгний замаас хол бөгөөд өөр олон стандартыг харгалзан барьж, байгуулжээ. Хүүхэд тоглох, хөгшид нарлах, чөлөөтэй гүйж харайх орчныг сайн бүрдүүлсэн бөгөөд нэг өглөө босоход газрыг нь хашаалаад барилга барих тухай хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй хүний зүүдэнд нь ч орох ёсгүй гэнэ. Хүн төвтэй нийгмийн суурь нь эрүүл, аюулгүй орчин байх ёстой гэдэг төрийн бодлого нь хэдэн үе улирсан ч өөрчлөгдөхгүйгээр бат тогтжээ.
Эйндховен хотын хувьд зах руугаа тохижилт нь бүр илүү. Зам, дэд бүтцийн хөгжлийг зөвхөн хотын төвийн хүрээнд харах биш зах зайдуу газар руу илүүтэй хандуулж. Зүлэг, мод тарих талбай, цэцэрлэгт хүрээлэнд газрыг харамгүй өгч. Салхитай байлаа ч шороо тоос босохгүй…Бүртийх ч үүлгүй тэнгэр гэдэг шиг барилга байшингийн булан тохой, гудамж талбайд нь хог шороо харагдах нь үгүй. Энхэл донхол эвдрэлтэй зам хотын төвөөс гадна зах руугаа ч үл тааралдана. Сарайж сэрийсэн төмөр, хагарч бутарсан цементний хог, ухсан нүх, хогоор дүүрсэн гуу жалга хотын аль ч хэсэгт байхгүй.
Автобусны жолооч нар нь цагаан цамц, шаргал зангиагаар ижилссэн байх нь нүдэнд содон тусна. Зан харилцааны хувьд ч өмссөн хувцас шигээ найрсаг. Зорчигчдыг эелдэгээр инээмсэглэн угтаж мэндэлнэ. Буухад нь ч “Сайхан амраарай” хэмээн ёс мэт хэлэх нь гайхмаар ч юм шиг. Картаа буруу дарах хүмүүс хааяа гарах юм. Буудал дээр жолоочоос чиглэл асуух хүн ч байх. Тэр болгонд жолооч уурлаж ундууцах нь бүү хэл эелдэгээр хариулна. “Бушуу түргэн бууж, суу”, “Автобусныхаа хаяг дугаарыг хараач” гэж уурсах, зорчигчдыг хэл амаар доромжлох харилцааны доголдол жолооч нар дунд байдаггүй аж. Хот төлөвлөлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн учраас автобусны чиглэлүүд нь тодорхой бөгөөд хоорондоо давхцахгүй. Тиймээс хоорондоо уралдах, эгнээ байраа буруу эзлэх, хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, урсгал сөрөх, буудлын карманаас хол зогсох, хүн бууж гүйцээгүй байхад хөдлөх зэрэг балмад авир гаргадаг жолооч нэгээхэн ч үгүй. Сигналаа хүссэн үедээ чарлуулж хүмүүсийн эрүүл мэндэд хортой үйлдэл хийх ухамсар дорой жолооч нийтийн тээвэрт нь байдаггүйг хамгийн түрүүнд анзаарсан билээ. Угаасаа соёл иргэшлийн хувьд хөгжил буурай орноос эрс ялгаатай. Ер нь аль ч оронд иргэд нь нийгэмшиж байж соёлын тухай яригдах нь ойлгомжтой л доо.
Нийтийн тээврийн унаа нь яг л цагаараа явна. Автобусны буудлууд нь өнгө үзэмжтэй бөгөөд цэвэрхэн. Электрон самбар дээр “Eindhoven station” чиглэлийн автобус 15 минутын дараа ирнэ гэсэн титр урсах бөгөөд тухайн чиглэлийн автобус нэг минут битгий хэл нэг секунд ч зөрөхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Бүх хүн картаа дарна. Бэлэн мөнгө өгөхийг зорчигч ч, жолооч ч хүлээн зөвшөөрдөггүй. Нийтийн тээвэр хамгийн нам гүм байх ёстой орчин учир хөгжим орилуулах хориотой аж.
Зан харилцаа, нэг нэгэндээ хандах хандлагын хувьд Эйндховен хотын оршин суугчид маш эелдэг. Автобусанд болон олон нийтийн газар маргалдах, хэл ам хийхээс хамгийн их цэрвэдэг нь үнэхээр авууштай давуу тал шүү дээ.
Замын хөдөлгөөний хувьд автомашины, дугуйн, явган хүний зам гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Жолооч нар нь явган хүний гарц дөхөөд ирэхэд бараг 50 метрийн цаанаас хурдаа хасна. Мөргөж унагаах шахам тулж ирээд тормзоо гишгэдэг хэвийн бус хүнийг тэнд байх хугацаандаа хараагүй. Гэрлэн дохиогүй газар явган хүн гарцан дээр байгааг харвал заавал зогсч өнгөрөөнө. Түгжрэл байхгүй хэрнээ галзуу мэт давхих жолооч ховор бололтой. Хот дотор ямар хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмдээ тодорхой заасан бөгөөд түүнийг зөрчих жолооч өдрийн од шиг цөөн. Бараг байхгүй дээ.
Явган хүн нь гарцгүй газраар гарах, дугуйн замаар бэлчихийг би л хувьдаа харсангүй. Дугуй олон талын ашигтай учир иргэдийнхээ дугуй унахыг дэмжих үүднээс дугуйн замаа маш сайн хөгжүүлснээр хүүхэд, хөгшидгүй дугуй унана. 70,80 хүрсэн эмээ, өвөө нар ч дугуй унан жирийнэ. Голланд хүүхэд багаасаа дугуйн дээр өсдөг ажээ.
Анхаарууштай нь явган хүн дугуйн зам руу орсон бол зам голлож явж огт болохгүй. Бас заавал эргэж харж байж дугуйн замаас гарахгүй бол араас хурдтай ирж байгаа дугуйтай хүнд мөргүүлэх аюул бий. Би нэг удаа дугуйн зам руу орчихоод арагшаа харалгүй гарах гэж будилаад 60 гаруй насны эрд золтой л мөргүүлчихсэнгүй. Сандарсандаа “Уучлаарай, уучлаарай” хэмээн хэд хэдэн удаа давтвал нөгөө өвгөн уурлаж, хараал хэлэх нь бүү хэл элэгсэг дотно инээмсэглээд “Болгоомжтой яваарай” гэж хэлээд салж одсон нь сайхан.
Хүнсний дэлгүүрийн хувьд Эйндховенд 8 нэрийн дэлгүүр гэдэг ойлголт байдаггүй. Дандаа эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын стандарт хангасан супермаркетууд хүнсний худалдааны салбарт нь ноёлоно. Хүнсний бараа сэрүүн орчинд байх ёстой учир ихэнх супермаркет нь дотроо маш жиндүү. Зуны +30 хэмд хамаг хүнсний бараа нь лангуун дээрээ хэвтэж байдаг манайх шиг орноос чанар, аюулгүй байдал талаасаа эрс ялгарна. Худалдагч, кассын хувьд үйлчилгээний соёлыг бахархмаар эзэмшсэн нь сэтгэл өндөр гарахаас гадна дахин дахин орж үйлчлүүлэх сэтгэгдэл төрүүлнэ /ганц дэлгүүрт гэлтгүй уушийн газруудад үйлчилгээний соёл өндөр түвшинд хөгжжээ/. Лангуун дээрх барааны үнэ нь касс дээрээ зөрнө гэж огт үгүй. Сүүний тасаг хаана байгааг асуувал дуртай нь аргагүй зааж өгөх нь урамтай. Түүнээс биш “Тийшээ” гэж гараараа дохьсон болоод орхидог хүн дэлгүүрийн ажилтны шаардлаганд тохирохгүй гэж үздэг байна. “Энэ сүүнээс том нь байна уу?” гэж заалны голд бараа өрж байгаа залуухан бүсгүйгээс асуувал өөрийнхөө ажлыг орхин дагуулан яваад зааж өгөх юм. Үйлчилгээ ийм л байх ёстой. Үйлчилгээний өндөр соёлтой газар дахин орох хүсэл төрөх нь тодорхой шүү дээ.
Харилцааны соёлоос олон зүйл шалтгаалдгийг монголчууд маань ойлгож, дор бүрнээ ухаалаг байж чадвал нийгмийн стресс, бухимдал багасч, халуун дулаан уур амьсгал бий болно. Найрсаг дулаан орчин амьдралд ямар чухлыг ойлгож уужуу тайван, хүлээцтэй, хүндлэмтгий, хүнлэг энэрэнгүй, зочломтгой унаган зан араншин, ёс уламжиллаа сэргээцгээе.
сэтгүүлч Д.Лхагвадорж