Өнөөдөр “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”. ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Монголын донорын холбоо /МДХ/-ны нэрэмжит гэдэг утгаараа 12 дугаар сарын 3-ны арга хэмжээ бусад саруудаас ялгардаг.
Өөрөөр хэлбэл, жил бүрийн 12 дугаар сарын 05 буюу “Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг угтаж МДХ 12 дугаар сарын 3-ны өдрийг ЦССҮТ-тэй хамтран 10 дахь жилдээ тэмдэглэв.
ЦССҮТ-ийн захирал, доктор профессор Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Сүүлийн 10 жилд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэг дахин нэмэгдсэн. Судалгааны дүнгээс үзвэл 2035 он хүртэл нэмэгдэхээр байгаа. Тиймээс жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуулт бидний өмнө байнга тулгардаг. ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг маш олон байгууллага, иргэн дэмжин ажиллаж байгаагийн үр дүн гарч байгаад бид маш талархалтай байдаг. 12 дугаар сарын 3-ны өдрийн үйл ажиллагааг 10 дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа МДХ-д чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцлов.
МДХ нь 25 жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд явуулын үйлчилгээнд хамгийн идэвхтэй оролцдог төрийн бус байгууллага юм.
Энэ өдрийн хүрээнд:
Н.Энх-Амгаланд “МӨНГӨН ДОНОР”, ”Б.Батдэлгэрт “ХҮРЭЛ ДОНОР” цол олгосон бол З.Нанжид, Х.Нямжав нарт “Бахархал-50”, Б.Болорт “Бахархал-40”, Л.Алагцэцэгт “Бахархал-30”, Б.Одгэрэлд “Бахархал-20”, М.Мэндсайханд “Бахархал-10” тэмдгийг тус тус гардуулж алдаршууллаа. Сайн үйлсийг дэмжин хамтран ажиллагч ULKER брэнд ачтан доноруудад гарын бэлэг гардуулсан юм.
Д.Лхагва