“Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ’-ний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд энд тэнгүй хяналт, шалгалт үргэлжилж байна. Хэд хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна хэмээн мэдэгдсэн бол энэ сарын 27-нд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр мөн аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулах болсныг зарлалаа.
Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулна гэж ярьж байгаа нь туйлын зөв. Цаг нь ч болсон. Гэхдээ албан тушаалтнуудыг хэн шалгах вэ? Монголын түүхэнд дарга нар л шийдвэр гаргаж гүйцэтгэх ажилтнуудынхаа шүүсийг шахаж, халж сольж байснаас биш өөрсдийг нь шалгаж, аттестатчилж байсныг мэдэхгүй юм. Эсвэл улстөрийн томилгооны эзэд ямар ч өөгүй, бүхнийг мэддэг, чаддаг төгс хүмүүс юм уу?
Д.Дорж