Өмнөговь аймгийн ХҮНДЭТ ДОНОР-уудын төлөөлөл 38-86 насны донорууд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутагтаа донорын үйл хэргийг түгээн дэлгэрүүлсэн ачтанууд маань цусны албаа хүндэтгэж, донорын үйлсийн илэрхийлэл болсон одон тэмдэг, гоёлынхоо дээлээр ижилсжээ. Донорууд аливаад сэтгэлээсээ ханддаг билээ.
-“Манай аймгийн Даланзадгад, Ханбогд, Гурвантэс, Цогтцэций, Ханхонгор, Баяндалай сумын 18 ХҮНДЭТ ДОНОР аймгийн Засаг дарга Н.Энхбатын дэмжлэгтэйгээр Донорын хуулийн дагуу Баатарван амралт, сувиллын газарт амраад буцах замаараа ЦССҮТ-ийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Ая тухтай, цэвэр цэмцгэр, эелдэг найрсаг орчин хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Би 20 жилийн өмнө ХҮНДЭТ ДОНОР болж байсан хүнийхээ хувьд ач буянтай доноруудаараа бахархаж, нэгэн насны буян гэж ойлгож явдаг” хэмээн Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Г.Шижиртуяа өгүүлээд ЦССҮТ-ийн эмч, нийт хамт олонд Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд дэвшүүлсэн юм.
Өмнөговь аймгийн ахмад доноруудын нэг Н.Цэцгээ гуай эмнэлгийн байгууллагад 47 жил ажиллах хугацаандаа 1972 оноос цусаа өгч эхэлсэн гэнэ.
Өмнийн цэнхэр говиос зорин ирсэн ХҮНДЭТ донорууддаа баярласнаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Д.Дорж