Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, төлөвлөгөөний биелэлтийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болголоо.
Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологиор гэр, орон сууцаа халаах айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг холбогдох банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлтийг гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зарцуулахыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргахаар тогтлоо.
Дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, барилгын дулааныг эргүүлэн ашиглах пассив стандартыг баримтлах асуудлыг 2026 оны төсвийн төсөлд тусгахаар боллоо.
“Нийслэл хотод 200 мянган өрх нүүрс түлж байна. Эхний ээлжинд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд эдгээр айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ярилаа.