УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө
Тэрбээр ” Өнөөдрийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг нийт 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд тэдний зөвхөн 17 нь тархины үхэлтэй донороос эрхтэн авсан. Энэ нь нийт мэс заслын ердөө 5 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүлийн Байгууллага (ДЭМБ)-аас амьд донороос эрхтэн авахын оронд амьгүй донороос шилжүүлэн суулгахыг дэмждэг. Гэвч монголчуудын сэтгэлгээ, соёлын онцлог зэргээс шалтгаалан амьгүй донорын олдоц тун бага байна. 2018 онд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тусгай алба байгуулагдсан. Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн харьяа Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулж, гавьяат эмч П.Батчулуун даргаар ажилласан байна. Энэ хугацаанд 270 гаруй талийгаачийн ар гэрт санал тавьсан боловч зөвхөн 31 тохиолдолд зөвшөөрөл өгчээ. Одоогоор тархины үхэлтэй донор хүлээгдэж буй 430 хүн жагсаалтад бичигдсэн бөгөөд тэдгээрийн олонх нь эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой донор гарахыг хүлээн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Сүүлийн гурван жилд хүлээгдэж байсан 30 гаруй хүн донор олдоогүйгээс амь насаа алдсан” гэв.
Өдрийн сонин.