Эмийн ургамал тариалж, монголчуудад том тус хүргэж байгаа нэгэн эмэгтэйн талаар Чингэлтэй дүүргийн ахмадын хороо мэдээлэл өгч, уулзахыг хүсэв. Тэр бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Галягийн Гантогтох.
-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Би 1992 онд МУИС-ийн Биологийн ангийг төгссөн. 1993-2005 онд тухайн үеийн Ардын эмнэлгийн хүрээлэн, одооны Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацид эмийн ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний ажилтнаар 14 жил ажилласан. Энэ хугацаанд эмийн ургамлын туршилт, судалгааны талбайг Булганы Дашинчилэн сумын Мялангийн голын дэнжид 3 га газарт байгуулж билээ. 2005-2016 он хүртэл Монос группын Эм судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Энэ хугацаандаа 3 цэцэрлэг байгуулж өгсөн. Моносын харьяа Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийг Түрэгний голын адагт 3 га талбайд, дараа нь Өвслөг эмийн ургамлын ботаник цэцэрлэгийг Бөхөгийн голын дэнжид 5 га талбайд байгуулсан. Харин 3 дахь цэцэрлэгээ Дарханы Бүрэнтолгой багийн нутагт Хараа голын хөвөөнд 36 га-д байгуулсан.Тэр маань чацаргана үйлдвэрлэлийн талбай л даа. Одоо бүгд хэвийн ажиллаж байгаа.
Би улсад нийт 5 цэцэрлэг байгуулж өгсөн хүн. Анх 1972 онд Шарын голын усны аж ахуйн техникумыг төгсөөд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд лаборантаар ажиллаж байхдаа анхныхаа цэцэрлэгийг 1 га талбайд байгуулж байлаа. Чацаргана, жимс жимсгэний мод бут тариалж байсан.
–Та тэтгэвэртээ гараад Төв аймгийн Баянчандмань суманд эмийн ургамал тариалж байгаа. Энэ талаараа тодорхой яриач.
-Тиймээ, тэтгэвэртээ гараад мэргэжил мэдлэгтээ түшиглэн эмийн ургамал тарьж ургуулахаар шийдээд хөдөө гарсан. Төв аймгийн Баянчандмань суманд 3 га талбайд жимс, жимсгэний мод бут болон эмийн ургамал тариалдаг. Өндөр зоосон цэцэг /Түвдээр үндсийг нь Мана гэдэг/, батраш, булцуут цэцэг зэрэг 5 төрлийн эмийн ургамал тариалж байна. Нэг үгээр хэлбэл хүмүүст тустай ажил хийхийг хүссэн юм. Манай 1993 оноос хойш мана эмийн ургамлын тарих эд материалыг гаднаас оруулж ирсэн. Харь орны ургамлыг өөрийн орны хөрсөнд нутагшуулна гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил шүү дээ. Энэ мэргэжлийн хүний амьдралын тодорхой хэсэг үүнд зориулагддаг. Энэ хугацаанд олон эмийн үйлдвэрийг Манатай болгосон. Өнөөдөр Уламжлалт анагаах ухааны төв маныг тарьж байгаа. Моност тарьж байгаа. Монг-Эм уламжлалт эмийн үйлдвэр тариалдаг. Агрономимч доктор Отгонбилэгт би тарих материалаа өгсөн.
-Манай орон эмийн ургамлаар баялаг гэж олон хүн ойлгодог. Ялангуяа Хөвсгөлийн тайгад их ургадаг гэж сонссон. Тэдний нэг нь би. Харин мэргэжлийн хүнээс энэ талаар тодруулмаар санагдлаа.
-Эмийн ургамал төрөл зүйлийн хувьд манай улсад байгаа. Харин ашиглах нөөц бололцооны хувьд ховордож байгаа. Хөвсгөлийн эмийн ургамлын зүйлийн бүрдлээр би сургууль төгсөхдөө дипломын ажлаа хийж байсан. Тийм учир сайн мэддэг. Эмийн ургамлын нөөцийн судалгаанд явж байсан. Тарималжуулах судалгаанд явж байсан. 2016 онд тэтгэвэртээ суугаад Баянчандманьд очиж хувийн талбай байгуулаад эдгээр ургамлаа тарьж эхэлсэн. Миний тариалсан ургамлаар “Мана-4”, “Норив-7” зэрэг өөр олон төрлийн эм үйлдвэрлэж байгаа.
–Энэ ажлын сайхан нь юундаа байдаг бол? Мэдээж хүндрэл бэрхшээл ч байдаг байх?
“Сайхан нь хөдөлмөрийн үр шимээ хүртдэгт л оршдог. Тэртусмаа Монголд байхгүй эмийн ургамлыг Монголын хөрсөнд нутагшуулаад, эмийн түүхий эдийг бэлтгээд эмийн үйлдвэрүүдэд өгч байгаа нь хамгийн сайхан. Цаашаа ард иргэдэд эм болж очно. Бэрхшээлийн хувьд байлгүй яахав. Гадаадын ургамал учир Монголд өвөлжихгүй, хүйтэнд тэсвэргүй.Тийм учир намар хурааж аваад тарих эх материалаа ялгаж зооринд хадгалж өвөлжүүлнэ. Хавар өнөөхөө гаргаад тарих хэсгээр нь хувааж идэвхжүүлнэ. Үндсийг нь хувааж тариалантад бэлтгэж боловсруулсан хөрсөнд суулгана. Хөрс боловсруулах бас амаргүй ажил. Уламжлалтын 6 үйлдвэр бий. Тэдний хоёрт нь өгдөг. Армон, Монэнтра, уламжлалт эмийн үйлдвэр авдаг. Бусад эмийн ургамлаас цайнд ордог ургамлууд бий. Булцуут цэцэг, батраш цайнд ордог гэх мэт.
Д.Лхагва