Өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан талаар ЭМЯ-нээс мэдээлсэн. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан юм.
2008 онд мөн л Багануур дүүрэгт Азийн чоно хэмээх архинд олон хүн хордож 15 нь нас барсан харамсалтай хэрэг гарч байсан нэн эмгэнэлтэй гашуун түүх бий. Өнөөдөр ч архины хордлогоор хорвоог орхих хүний тоо бүртгэгдсээр байгаа нь хүмүүс дээрх гашуун түүхээс сургамж авахгүй байгаагийн илрэл юм.
Иргэдийн хувьд баяр ёслолыг өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. Үүнийг дагаад архидалт ч нэмэгдэж байгаад хаа, хаанаа дүгнэлт хийх цаг болжээ. Эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй архидаж байгаа дүр зураг буурахгүй байна. Бид хийх ажилгүйдээ юү, эсвэл тийм их мөнгөтэй болчихсон болоод наргиж цэнгээд байна уу? Үнэндээ ард түмний амьдрал наргиан наадам эргүүлээд явах хэмжээнд байхгүй байгаа. Нийлж архидах үзэгдлийг яавал бууруулах вэ?! Учир шалтгаан нь юундаа байна вэ?
Нийт гэмт хэргийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгдэж байна гээд бодохоор архины хэрэглээний эсрэг маш үр дүнтэй ажил зохиохгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэх вий! Хамгийн аюултай нь архи, тамхины хэрэглээ залуужиж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна.
Д.Лхагва