БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Японы Өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Солонгосын хойгийн өмнөд хэсэг дэх олон улсын усан орон зайд пуужингаас хамгаалах хамтарсан сургуулилалт хийлээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, мягмар гарагт болсон сургуулилалтад оролцогчид Умард Солонгосын тал пуужин харвасан тохиолдолд баллистик пуужинг ажиглах, мэдээлэл солилцох ажиллагааг явуулсан байна. Тус яамнаас нийтэлсэн гэрэл зурагт, улс тус бүрийг төлөөлөн “Aegis” системээр тоноглогдсон 3 байлдааны хөлөг онгоц зэрэгцэн явж буйг харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт цэргийн хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул занал өсөн нэмэгдэж буйн хариуд энэ удаагийн хээрийг сургуулийг зохион байгуулсан гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
Түүнээс гадна, холбоотон гурван улс пуужин хөөргөхтэй холбоотой бодит цагийн мэдээлэл солилцох системийг туршсан бөгөөд уг системийг энэ оны эцэс гэхэд ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Цаашид Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюулыг тогтоон барихын тулд байлдааны бэлэн байдал, чадавхиа бэхжүүлэх чиглэлд гурван тал хамтран ажиллана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээллээ гэж МОНЦАМЭ уламжлав.