Хөл хорио тогтоосон өнөөдрийн онцгой нөхцөл байдлын үед ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газар, Сангийн яам, Монголбанк ямар арга хэмжээ авах болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг нээсэн тухайгаа дэлгэрэнгүй танилцуулсан. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийсэн мэдээлэлдээ “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Гаргаж байгаа шийдвэр бүгдэд нь нийцтэй байвал зөв гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Коронавирусын халдвартай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлчээр зарласан. Үүнээс хойш хугацаанд хүндрэлүүд нь гарч эхлээд, ямар хэмжээний зээл дээр яаж төлбөр нь төлөгдөх боломжгүй болсон ч гэдэг юм уу энэ бүхний судалгаа хийгдээд явж байгаа. Хэрэглээний зээлд нэг номерт анхаарсан. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь ипотекийн, тэтгэврийн, цалингийн зээл болон бусад орлого барьцаалсан зээлтэй байгаа. Үүнтэй холбоотой ямар шийдвэр гаргавал зээл төлөгчдөд хүндрэл багатай байх вэ гэж судлаад ямар ч байсан 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийг хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна. Ингэснээр тодорхой хугацааны хүндрэл байхгүй болно. Мэдээж ипотекийн зээл дээр хугацааны хувьд уртсана. Энэ хугацаандаа хүү бодогдохгүй болохоор хүү нь нийтдээ хөнгөрөх боломжтой болно. Энэ утгаараа өндөржүүлсэн нөхцөл байдалд заавал хүү төлөх, үндсэн өр төлөх шаардлагагүй болно. Банкуудад хүүгийн орлого буурах, эх үүсвэрээ алдах эрсдэл байгаа ч үүнийг зохицуулалтын хүрээнд зөөллөж өгөх юм” гэлээ.
Ц.Бат