ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх алба, Баривчлах төв, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг дээр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцож байгууллагынхаа байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “зөрчлийн хэрэгт баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдлын 60 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилтэй холбоотой байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн бүрд баривчлах шийтгэл оногдуулж, зан үйл засах албадан сургалтад хамруулж байгаа нь зарим талаараа сөрөг үр дагавар үүсгэдэг. Тухайлбал, гэр бүлийн харилцаа хөндийрөх, хөдөлмөр эхлэх боломжийг хязгаарлах, хүүхэд эцэг эхийн харилцаанд үл итгэлцэл бий болгох, дахин өс санах зэрэг үр дагаврыг үүсгэдэг нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс зөрчлийн шинж байдлаас нь шалтгаалж оногдуулсан баривчлах шийтгэлийг тэнсэж, албадан сургалтад гадуур хамрагдах боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Харин шүүхээс даалгасан сургалтад хамрагдахгүй байгаа тохиолдолд баривчлах шийтгэлийг биеэр эдлүүлж, албадан сургалтад хамрагдах боломжтой хувилбарыг бүрдүүлж, торгох шийтгэлээс аль болох татгалзах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийллээ. Мөн хуульд заасан сайн дурын сургалтыг хэрэгжүүлэх, тус сургалтад гэр бүлийн гишүүдийг хамруулснаар хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг арилгах, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой гэсэн юм.
Түүний хэлсэн үг бодит судалгаан дээр тулгуурлсан учраас хууль тогтоогчид уян хатан бодлого боловсруулах шаардлагатай байна.
Д.Дорж