Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан “Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ. Татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, бизнесийн идэвхжилийг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж байна” хэмээн мэдэгдсэн юм.