АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох зарлигт шүүгч түр хориг тавьжээ.
Тойргийн шүүгч Жон Коэнур уг зарлигийг “Үндсэн хуулийг илт зөрчсөн” гэж тодорхойлсон байна. Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон гэсэн дөрвөн муж улсаас тойргийн шүүхэд хандан зарлигийг хориглох хүсэлт гаргажээ. Түр хориг тавьснаар зарлигийн хэрэгжилтийг дараагийн шатны шүүх ажиллагаа хүртэл 14 хоногийн хугацаанд түр хойшлуулна.
АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох зарчим анх Үндсэн хуульд тусгагдаагүй байсан боловч 1868 онд Иргэний дайн дууссаны дараа боолоос чөлөөлөгдсөн иргэдийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэмж оруулжээ. Шүүгчийн шийдвэр гарсны дараа Д.Трамп давж заалдах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Түүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших гурав дахь өдрөө Жон Кеннеди, Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын үхэлтэй холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч мөн Зууван танхимд ээлжит зарлигууддаа гарын үсэг зурахдаа үр хөндөлтийн эсрэг тэмцэгч 23 хүнийг өршөөсөн байна.
Мөн Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамп хэлэхдээ, Канад улс АНУ-ын “муж улс болох” сонголт хийвэл татвар төлөхгүй гэжээ. Үүнээс гадна Сенатын танхимын гишүүд пүрэв гарагт Ардчилсан намын хэд хэдэн гишүүний дэмжлэгтэйгээр Жон Рэтклиффийг Тагнуулын төв газрын даргаар батламжилсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.