Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Гэр хороолол нь 232.06 км2 талбайг эзэлдэг бөгөөд өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг ОБЕГ тодорхойлжээ.
Мөн гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж, машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна.
Энэ бол хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ямар түвшинд хүрсний илрэл юм. Нийслэлд орж ирээд дуртай газраа хашаа хатгаад буучихдаг. Улмаар дэд бүтэц нэхээд хэвтчихдэг. УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийн тулд яаж ийгээд гэрэл цахилгаантай холбоод өгчихдөг. Ийм байдлаас болж гэр хороолол тэлсээр өнөөг хүрсэн нь үнэн. Эхнээсээ л бодлоготой, төлөвлөлттэй хандах байсан шүү дээ! Төр засаг бодлогогүй, иргэд дур дураасаа аашилж ирсэний гор нь энэ мэтээр гарч байна.
Д.Дорж