Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах зөвшөөрөл олгожээ.
“ОУЭШ-ын Урьдчилсан шатны шүүх танхимаас Б.Нетаньяху, Й.Галант нарыг 2023 оны 10 дугаар сарын 8-наас 2024 оны 5 дугаар сарын 20 хүртэл Газын зурваст хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлахыг зөвшөөрлөө” гэж шүүхийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн энэ шийдвэрийг гаргахын өмнө ОУЭШ уг асуудлыг хэлэлцэх эрхгүй гэж үзсэн Израилын талын эсэргүүцлийг хүлээж аваагүй гэдгийг уг мэдэгдэлд онцолсон байна.
Б.Нетаньяху ОУЭШ-ийн баривчлах шийдвэрийг “утгагүй бөгөөд бодит байдлыг мушгин гуйвуулсан” гэж мэдэгджээ. ОУЭШ өөр ямар ч ардчилсан улсад “ийм нэг талыг барьсан байдлаар” хандаж байгаагүй бөгөөд Израил улс хууль дээдлэх зарчмыг баримталсаар байх болно гэж мэдэгдсэн байна.
Израил улс Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Й.Галант уг ажиллагааг удирдсан гол хүн байсан юм. Гэвч хэт барууны үзэлтнүүд олонх болж буй тус улсын одоогийн засгийн газрын гишүүдийн дотроос аядуу үзэлт гэгддэг Галантыг Б.Нетаньяху энэ сарын 5-ны өдөр албан тушаалаас нь огцруулсан билээ. Й.Галантыг огцруулах болсон шалтгааныг тэдний хооронд “итгэлцлийн хямрал” үүссэн гэж Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэн юм. Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог ОУЭШ-ийн шийдвэрийг “утгагүй” гэж мэдэгджээ гэж МОНЦАМЭ уламжиллаа.