Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тус төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийлээ.
Энэхүү үйл ажиллагаанд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, сэргээн засах болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг, шинжилгээ багтсан бөгөөд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулах, хэвтүүлэн эмчлэх, мэс засал эмчилгээ хийхээр болсон байна.
Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн аянд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзоригоор ахлуулсан нийт есөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.