Бид загасны ой санамжтай байж болохгүй. Хотын дарга Х.Нямбаатарын шийдмэг алхамууд нийслэлийн хөрсөнд бодитойгоор бууж байгаа нь зарим хүмүүст таалагдахгүй байх шиг бна. Сошиал дахь иргэдийн байр суурь тэгж харагдуулаад бна л даа. Энэ хүний зүгээс авч хэрэгжүүлж буй албадлагын арга хэмжээнүүд иргэдийн таалалд нийцэхгүй бна гэх дүгнэлт ерөнхий дүр зургаараа зарим талаар үнэн. Гэхдээ 30 гаруй жил бодлогогүй, төлөвлөлтгүй явсан алдааг нөгөө муу “Нянбактер” чинь өнөөдөр засахын тулд нэр нүүрээ барж байна гээд шулуухан хэлэхээс өөр арга алга. Улаанбаатарт газрын наймаа замбараагаа алдаж, тэр хэрээр амьдрах орчин байхгүй шахам боллоо гэдэг иргэдийн шүүмжлэл чинь бодитой дүр зураг ш дээ. Хүүхдэд ээлгүй хот болж хувирсныг дурын хүн утсаараа авсан зургаараа илчилж бна. Энэ дагуу Нямбаатар нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан барилга байшинг нурааж, граж, ТҮЦ-үүдийг нүүлгэж бна. Түгжрэлийг бууруулах шийдлээ өнөөдөр гашуун боловч маргааш ашигтайгаар эхлүүлэх гэж янз бүрээр оролдож бна. Улсын нийслэл л юм бол одоо стандартдаа дөхөж очъё. Ингэхийн тулд хотын дарга шийдэмгий хөдлөх ёстой. Ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүл ч хотын даргаар томилогдонгуутаа ногоон бүсийг хамгаалах, барилгын замбараагүй зөвшөөрлийг цуцлах, нийтийн тээврийн шинэ загварыг баталж мөрдүүлэх, нэгдүгээр эгнээний журмыг зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох, гэр хорооллыг дахин төлөвлөх, хотыг стандартынх нь дагуу хөгжүүлэх зэргээр ширүүхэн гараар үзсэн. Тэр хүн төлөвлөлтгүй, зөвшөөрөлгүй барилга барьдаг жишгийг халах гэж оролдсон. Дүнжингарав худалдааны төв ч анхааралд нь ороод авч билээ, Х.Нямбаатарын “Авлига” хороололтой үзэж тарж бгаа шиг. Нийтийн эрх ашгийн төлөө, Үндсэн хуульд тусгагдсан Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэхийн төлөө Нямбаатар юм хийж чадвал өнөөдөр түүний нэр хүнд миарах нь чухал биш л дээ.
Д.Лхагвадорж