“Говийн өв групп”-ын захирал, “Занданшатар” шатрын клубын захирал Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.
–Уул уурхай бол манай тэргүүлэх салбар. Улс орны урагшаа явах, эсэх нь хүссэн ч хүсээгүй ч уул уурхайгаас хамаарч байна. Өнөөдөр энэ чухал салбарын хөгжилд юу саад болж байна вэ?
-Монголд уул уурхай хөгжихөд юу саад болж байна вэ гэвэл хууль эрхзүйн нөхцөл их тогтворгүй бас ойлгомжгүй байна. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулиар өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл өгдөг заалтын халсан. Д.Сумьяабазар сайд гарч ирээд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон. Энэ нь хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг геологийн компниудад маш том тээг саад болсон. Анх 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирээд ийм хориг тавьж байсан юм. Улмаар олон жил үргэлжилж байгаад тусгай зөвшөөрлийг хэсэг хугацаанд цахимаар олгоод, өнөөдөр зогсоод байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэд, улс төрчид тухайн орон нутгийг тэр чигт нь авчихаж байгаа юм шиг ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ бол маш буруу ойлголт шүү дээ. Тухайн үед Монголын эдийн засгийг сэргээх, гадны хөрөнгө оруулалт татах гэж л олон хайгуулын зөвшөөрлийг олгосон. Нийтдээ 7-8000 орчим юм уудаа. Өнөөдөр энэ тоо тав, зургаа дахин буурчихаад байна. Одоогийн байдлаар Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 5 хувьд ч хүрэхгүй байна.
–Тусгай зөвшөөрөл аваад хайгуул хийнэ гэдэг тухайн компаниас их хэмжээний хөрөнгө зардал шаардсан эрсдэл ихтэй ажил биз дээ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл авна гэдэг амаргүй үйл явц. Одоогийн журмаар буюу тендерийн журмаар авая гэж бодоход тэнд бид тендерийн барьцаа мөнгө өгч байна, залгуулаад хайгуулын зардалд их хэмжээний мөнгө гарна. Хайгуул хийх явцад ашигт малтал илрэхгүй бол 100 хувь тухайн компанийн эрсдэл болдог. 10 тусгай зөвшөөрөл байлаа гэхэд бүгд орд болохгүй байх магадлалтай. За яахав, нэг талбайгаас нь гараад цаашдаа үйлдвэрлэлийн ач олбогдол болоод орд болох магадлал нь 100-ны 10 хувьтай. Ийм эрсдэл үүрээд газрын доорх баялгаа тогтоож, юу байгааг нь илрүүлсний дараа л улсаас дахин ашиглах зөвшөөрөл авдаг. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөлд хориг тавих шаардлага байхгүй.
–Ингэхэд манай салбарын яам мэргэжлийн бодлого гаргахдаа хэр вэ?
-Геологи, уул уурхайн салбар бол ерөөсөө мэргэжлийн бодлогоос хамаардаг. Хайгуулын зөвшөөрлийг гадаад, дотоодын компаниудад өгөөд ашиглалт олборлолт тал дээрээ нарийн чанд хяналт тавьж, алийг нь ашиглах вэ, алийг нь төрд үлдээх вэ гэдэг талаар гэдэг хүрээнд л бодлого явах ёстой. Мэргэжлийн бидний хувьд тэгээсэй гэж бодож байна. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай анхны хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл 9 жилийн хугацаатай өгөөд түүнд нь аймаг орон нутгаас ашиглуулах, эсэх санал өгдөг байсан. Улс ажил хий гээд өгчихдөг, орон нутаг өөр юм ярьдаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлөө аваад очихоор тухайн орон нутгийн захиргаа нь хориглодог. Үүнийг л өөрчлөх ёстой. Одоо ч тэгээд хайгуул хийж байгаа аж ахуйн нэгж бараг алга даа. Яамнаас зөвшөөрлийг нь зогсоочихсон юм чинь аргагүй л дээ. Ямар ч байсан геологи, уул уурхайн салбарын хөгжилд чөдөр тушаа болсон энэ байдлыг өөрчлөх ёстой. Одоогоор нааштай яригдаж байгаа зүйл алга.
– Харин 2016 онд төр засаг солигдоод уул уурхайд нааштай өөрчлөлт ажиглагдаж байна уу?
-Үгүй яахав. Сая Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ авлаа. Бид буруутгахгүй байна. Миний санаагаар бол Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад 2019 оны 12 дугаар сарын 30-наас өмнө улсын төсвөөр хийгдсэн ордуудыг тусгай зөвшөөрөл эзэмшигч улсад хүлээлгэн өгвөл тухайн ААН-н гаргасан зардлыг нөхөн олгоно. Хуулийн хугацаа өнгөрсөн бол нөхөн олговор өгөхгүй, шууд хурааж авч болно. Улсын төсвөөр хийгдсэн хайгуулын ордоо үнэлээд бирж дээр гаргадаг ч юм уу, тендер зарладаг ч юм уу ийм байдлаар зохицуулчихвал зүгээр байгаа юм. Харин Улсын төсвөөр хайгуул хийгдээгүй талбайг нээлттэй болгоод та нар өөрсдөө хөрөнгөө оруулаад чөлөөтэй хай гээд өгчих хэрэгтэй.
-Асгатын мөнгөний ордыг яаж ашиглавал улсад өгөөжтэй бол?
-Асгат бол социализмын үед нөөц нь тогтоогдоод улсын мөнгөөр хайгуул хийгдсэн орд шүү дээ. Одоо бол Монросцветмэт-ийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгж болсон. Процессийн хувьд төр өөрийнхөө юмыг эргэлтэд оруулна гэдэг нь болж байна. Энэ орд дээр хувийн хэвшлийн, гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний ажил хийсэн байгаа. Тэдэнд нөхөн олговор өгөөд улс мэдэлдээ авч болно. Судалгаа хийгээд яаж ашиглавал ашигтай вэ гэдгээ тогтоох ёстой. Ерөнхийдөө, хад асагтай хүнд нөхцөлтэй орд учир 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Энэ утгаараа Монголчууд дангаараа ашиглана гэдэг хүндрэлтэй. Харин “Эрдэнэт” шиг Оросуудтай хамтраад хувиа тохироод ашиглах бүрэн боломжтой. ТЭЗҮ-гээ нарийн гаргаад сүүлийн үеийн технологийн дэвшил нэвтрүүлээд ашиглавал болохгүй юм байхгүй. Нөхөн олговрыг шууд май гэж өгөхгүй ч график гаргаад өгч болно шүү дээ. Тухайн үед хуулийн дагуу тусгай зөвшөөрөл өгсөн байгаа шүү дээ. Засгийн газар хувийн хэвшилд өгчихөөд буцаагаад авч байна гэсэн үг.
-Хуулинд тухайн орд газрыг төр мэдэлдээ авах заалт байдаг уу?
-Буцааж авах бодит үндэслэл бий. Тусгай зөвшөөрлийг төр мэдэлдээ авбал тухайн компанийг хохиролгүй болгоно гэсэн заалт одоогийн хуульд ч бий.
-“Тавантолгой” бол нөөцөөрөө дэлхийд эхний хоёрт ордог том орд. Ашиглалтын тал дээр одоо ч маргаан дагуулсан хэвээр байна. “Тавантолгой”-г яаж үр ашигтай хөдөлгөх вэ?
-Улс төрийн нөхцөл байдлыг түр орхиод мэргэжлийн геологийн байр сууринаас авч үзвэл “Тавантолгой”-н ордын 3-ны нэг нь коксжих нүүрс. Нийт 7 тэрбум тоннын нөөцтэйгөөс 2.5 тонн нь коксжих нүүрс гэж үзээд байгаа. Өнөөдөр ашиглаж байгаа коксжих сайн чанарын нүүрс. Тогтоцын хувьд нүүрс төрөл төрлөөрөө үелээд явсан байгаа. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрс, коксжих нүүрс, шавар, дахиад коксжих нүүрс гэх мэт ийм тогтоцтой. Одоо ил аргаар ашиглаж байгаагаа коксжих нүүрс ашиглаад дуусчихвал дараагийн давхарга руу орно. Ингэсээр бүх коксжих нүүрсний давхрагыг нь ашиглаад дууслаа гэхэд юу үлдэх вэ гэвэл 5 тэрбум тонн эрчим хүчний чулуун нүүрс үлдэнэ. Түүнийг яах вэ? Хятадууд авахгүй. Энгийнээр тайлбарлахад эрчим хүчний нүүрсийг коксжих нүүрстэй 40×60 ч юм уу, 70×30-ын харьцаагаар ч юм уу хольж кокс гаргаад зарвал хамаагүй ашигтай. Тийм нүүрс өнөөдөр дэлхийн зах зээл дээр 150 долларын үнэтэй.. Баяжуулах үйлдвэр бариад нүүрсээ баяжуулаад, угаагаад, коксжуулаад эргэлтэд оруулаад гаргавал 5-10 дахин ашиг олох боломжтой гэсэн үг л дээ. Одоо бол шууд зөөгөөд, хил дээр урт дугаарлал үүсгээд байна. Нөгөө талаар би “Тавантолгой”-гоос олох ашгаас иргэддээ данс нээж мөнгө тарааж өгөхийг буруу гэж бодож байна. Үрээд л дуусна. Дараа жил нь манайх ашиггүй ажилласан ногдол ашиг өгч чадахгүй нь гэвэл хүмүүс юу ч үгүй хоцорч байна. Өнөөдөр ашигтай ажиллаж байгаа бол үйлдвэр, цахилгаан станц бариад ч юм уу ашиглавал илүү үр дүнтэй. Түнээсээ иргэд урт хугацаанд ногдол ашиг хүртэх ёстой.
–Танай компани өнөөдөр ямар хайгуулын үйл ажиллагаа явуулж байна уу?
-Хайгуул хийдэг байсан ч түр зогсоод байна. Яагаад гэвэл тусгай зөвшөөрөл олгохоо больсон, зөвшөөрлөө улсад хурааглгасан хугацаа нь дуусаад. 10 гаруй жил хайгуул хийж нөөцийг нь тогтоон ТЭЗҮ батлагдсан 1ордод хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа . Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нь хэцүү байна. Дахин хэлэхэд, хайгуулын үйл ажиллагааг хориглох ямар ч шаардлагагүй. Социализмын үед бүх хайгуул /Геологи, Гидрогеологи, Геодези г.м/ Монгол орны хэмжээнд явагддаг байлаа шүү дээ. Тэгж байж өнөөдрийн ордуудыг нээж илрүүлсэн. Энэ бүхэн хайгуулын үр дүн.
-“Оюу толгой”-н гэрээг Монголд ашиггүй хийсэн талаар их л юм ярьж, энэ хүрээнд нэлээд хурцхан асуудал яригдаж байна. Таны бодлыг сонсоё?
-Улстөрийн өнцгөөс биш геологийн үүднээс ярих юм бол “Оюу толгой” социализмын үеэс судалгаа нь хийгдсэн, гадаргуу дээр нь шинж тэмдэг илэрсэн орд. Канадын “Рио тинто” компани хайгуул хийж байгаад ололгүй орхиод “Айвенхоу майнз” гэдэг компанид тусгай зөвшөөрлөө үлдээгээд, тэр компани 800 метр олон цооног өрөмдөөд эндээс юм гарахгүй юм байна гээд орхих гэж байсан. Гэвч сүүлийн өрөмдлөгөөс өнөөдрийн “Оюу толгой”-г барьж авсан. Дэлхийд хоёрдугаарт үнэлэгдэх том орд. Ашигтай ашиггүй гэрээ хийсэн талаар хэлж мэдэхгүй. Тэр бол 20-30 жилийн дараа л харагдах асуудал. Мэргэжлийн бидний хувьд уг төслийг амжилттай хэрэгжээд явчихаасай л гэж залбирч явдаг.
–Одоо ярианыхаа сэдвийг өөрчилье. Та шатрын спортоор хичээллэдэг, одоо “Занданшатар” шатрын клубын захирлаар ажиллаж байна. Энэ талаар асуухгүй өнгөрч чадсангүй. Шатар гэхээр олон хүнд маш гэгээлэг мэдрэмж төрдөг шүү дээ.
-Шатар бол миний хообий. Багаасаа өвөө, аав, ах нарыгаа дагаж байгаад тоглож сурсан. Монголын Шатрын холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, олон тэмцээн уралдаан зохион байгуулж байлаа. “Занданшатар” клубын маань хувьд гэвэл Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар байгуулагдаад 1 жил гаруй болж байна. Энэ хугацаанд улсын аваргын анхан шат, хагас шигшээ, нэрэмжит 20 гаруй тэмцээн зохион байгууллаа. Энэ дашрамд шатрын спортыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй сайддаа баярлалаа гэж хэлье. Өрөө танхимаар үнэгүй хангаж өгдөг. Цаашид ч их зүйл хийх байх гэж харж байна. Манай клубын зорилго нэртэй том шатарчдыг төрүүлэх гаргах, шатрын хөгжилд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа. Ирэх 2 дугаар сарын 22-23-нд улсын аваргын анхан шат МТҮП, “Занданшатар” клубт болно. Манай клуб дээр МУГТ Их мастер Хатанбаатар, МУГТ Их мастер Батчулуун нар ирж хүүхдүүдэд маань их зүйл зааж өгснийг тэмдэглэх нь зөв болов уу.
-Таныг Монголын цахим шатрын холбоог үүсгэн байгуулсан гэж сонссон. Их л шинэлэг сонсогдож байна шүү?
-Тиймээ. Бидний хэдэн нөхөд Монголын цахим шатрын холбоог үүсгэн байгуулж байгаа. Гол зорилго маань ерөөсөө л цахимаар тэмцээн уралдаан явуулах. Баян-Өлгийд байгаад найзтайгаа онлайнаар бооцоо тавиад тоглочихдог нөхцлийг бүрдүүлнэ гэдэг олон талын үр ашигтай шүү дээ. Өнөөдөр хүүхдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна. Зардлаа хэмнээд онлайнаар зохиодог арга хэлбэр рүү шилжих цаг болсон. Эхний удаад заавал улсын аварга биш юмаа гэхэд цахим аргаар жижиг тэмцээн зохион байгуулж болно. Ирээдүйд улсын аваргын тэмцээнийг зохион явуулах хэмжээнд хүрэх зорилго дэвшүүлээд эхлэлийн шатандаа явж байна даа. Ямар ч байсан тэр чиглэлээр ажиллах бичиг баримтаа бүрдүүлж, дүрмээ боловсруулаад бэлэн болсон. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн шатрын багш байдаггүй. Харин онлайн хичээл орж шатар заах боломжтой.
–Улсын аваргын тэмцээнийг цахимаар явууллаа гэхэд хяналт яаж тавих вэ?
-Мэдээж цахимаар явах гэж байгаа учир программ ашиглах юм бол блоколдог боломж бий. Өнөөдөр программ ашиглаж байгааг өндөр түвшинд ялгадаг болчихсон. Бас хажууд нь хүн туслаад байж болно. Түүнийг камераар хянах боломжтой. Үндсэндээ шатрын спортыг онлайн байдлаар хөгжүүлэх, хүүхэд залуусаа цахимаар шатар тоглоод сурчихаасай гэдэг бодол сэтгэлээр ажлаа эхлэнэ.
Д.Лхагвадорж