Монгол Улсын геологийн салбарын Зөвлөх инженер Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
–Энэ жилийн сонгуульд намууд гадаадад том сургууль төгссөн, өндөр боловсролтой залуусаа нэр дэвшүүлэх бодлого барилаа. Сонгогчийнхоо хувьд та хэрхэн хүлээж авсан бэ?
-Монгол Улсын иргэнийхээ хувьд, сонгогчийнхоо хувьд нэр дэвшигчдийн танилцуулгыг үзэж, ул суурьтай эргэцүүлэн бодож байгаа. Энэ удаагийн сонгуульд хараахан олны танил болж амжаагүй, шинэ хүмүүс цөөнгүй нэр дэвшжээ. Том, жижиг намуудын хувьд өндөр боловсролтой хүмүүсийг гаргаж ирж, түүнд тулгуурлан сонгогчдын итгэлийг хүлээнэ гэж тооцоолсон бололтой. Ардчилсан Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо хэлэхэд боловсролтой залуусыг дэмжиж, нэр дэвшүүлэхийг буруу гэхгүй. Гэхдээ өндөр боловсролтой байлаа гээд улстөрч болдоггүй юм. Түүний цаана амьдралын асар их туршлага, улстөрийн суурь боловсрол, ноён нуруу, хүн чанар гэдэг агуу ухагдахуун байдаг. Орчин үеийн залуучууд улстөр рүү зүтгээд, намууд нь гаргаж ирж байгааг буруу зүйл биш гэж харж байгаа боловч тэр хүмүүс амьдрал мэдэх үү, үгүй юү, амьдралын их сургууль төгссөн юм уу, үгүй юү гэдэгт асуудлын мөн чанар орших ёстой юм. “Би мундаг боловсролтой” гээд цээжээ дэлдэж байгаа зарим залуусын ярьж хэлж байгаа үг, хийж байгаа мэдэгдлийг нь харахад “Ээ чааваас” гэмээр хүмүүс байна. Хүн боловсролыг эзэмшиж болдог, түүнийг хэрэглэх арга механизм нь тийм ч өргөн хүрээтэй биш. Амьдралын гүнд орж байж, хүмүүсийн дунд амьдарч, жаргал зовлонг мэдэрч байж л ухаан суудаг юм. Түүнээс биш татаасаар дарга болчихоод, дараа нь УИХ-д орох гэж зүтгэж байгаа хүмүүсийн шийдвэрийг шууд зөв гэхэд хэцүү. Монголчууд бид эртний агуу уламжлалтай ард түмэн шүү дээ. Монгол ёс заншил бол дэндүү өвөрмөц. Тэр үнэт зүйлдээ нийцсэн хүн л улстөрд маш хэрэгтэй. Тэгж байж ард түмний амьдрал дээшилнэ. Нөгөө талаар улсын эдийн засгийг бүхэлд нь харж чаддаг, алсын хөгжлийг мөрөөдөж, төсөөлж чаддаг, хийж чаддаг хүн хэрэгтэй. Дахин хэлэхэд боловсрол хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Боловсролыг олж авч болдог зүйл. Харин амьдралын их сургуулийг зөвхөн амьдрал дээрээс л олж авдаг. Бидний сурч мэдсэн зүйл амьдралд алхам тутамд хэрэг болж түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байж жинхэнэ боловсролын үр ашиг гарна.
-Боловсролыг амьдралд хэрэгжүүлэхэд хугацаа орно гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав.
-Давааны цаадахыг харж чаддаг хүн хэрэгтэй гэдэг шалгуураар та хараад байна уу?
-Яг үнэн. Олон давааны цаадахыг харж чаддаг байж улс орноо хөгжүүлнэ.
–Та сая ярихдаа улстөрч хүн, шийдвэр гаргагчид мөрөөдөж чаддаг байх ёстой гэлээ. Мөрөөдөл төрийн ажилд хэрэгтэй гэж үү?
-Би мөрөөдлийг зорилго гэж хардаг. Тэгж байж хийж бүтээх эрмэлзлэлээ олж авна шүү дээ. Энэ утгаараа хотын дарга Х.Нямбаатарыг мундаг залуу гэж хараад байгаа. Улаанбаатарын газрын наймаатай зоригтой тэмцэж байна. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг үгүй хийсэн хүмүүсийн бусармаг үйлдлийг ил гаргахын төлөө ажиллаж байна. Ер нь барилгын компаниуд мөнгө л хөөхөөс бус ард түмний амьдрах орчин нөхцөл ямар байх ёстой талаар бодохгүй байна. Тэдэнд маш том газар авч бетонон ширэнгэ босгоод, мөнгө эргэлдүүлэх нь чухал болохоос бус Улаанбаатарын соёл, хүмүүсийн эрх ашиг, орчин ахуй, сургууль цэцэрлэг, зам дэд бүтэц бүгд мартагдаж байна.
Хотын даргын метро барих мөрөөдлийг би олзуурхаж байгаа. Ингээд тэмүүлээд ирэхээр ажил аяндаа эхэлдэг юм.
-Бизнесмэн хүмүүс улстөрд олноороо орж ирэхийг та яаж хүлээж авдаг вэ? Би хувьдаа бизнесээ өргөжүүлэх, хамгаалах, бүлэглэлд үйлчлэх гэж л улстөрд шунан дурладаг гэж ойлгодог?
-Ирээдүйгээ хардаг, Монголын хүүхдүүдийг боддог бизнесмэн улстөрд орж ирвэл сайн л байна. Гэхдээ бизнес, улстөр хоёр хоорондоо уялдаа муутай гэдэг. Манайд болохоор энэ хоёр нийцээд байдаг нь гайхалтай. Үүнээс болоод л бүх гажуудал үүссэн гэж боддог. Уг нь бизнесмэн хүн бизнесээ л хийгээд явж байх ёстой. Улстөр бол онцгой талбар. Хэр баргийн аавын хүү ордог ч орчин биш. Манайд төр засгийнхаа түвшинд ажиллаад явж байгаа мундаг сэхээтнүүд цөөн боловч байна. Тэдний нуруун дээр улсын хөгжил явж байна шүү дээ.
–Хөгжингүй улс орнуудад 50-иас дээш насны хүмүүсийг л парламентийн гишүүн, сайд даргаар сонгож, томилдог бол манайд энэ насныхан адлагдаж, жийгдэж байх шиг. Амьдралын ухаан, туршлага, чадвар чухал биш болсон цаг үе гэж дүгнэж болох уу?
-Тиймээ. 50-иас дээш насныхныг төр, улсын ажилд ашиглахгүй байх нь маш буруу хандлага. Харвардыг төгсчихөөрөө л Монголыг мэдэж, хөгжүүлнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэр хүн эзэмшсэн мэдлэг боловсролоо амьдралын их сургуулиас олж авсан туршлагатайгаа зөв хослуулж чадвал улс оронд үр өгөөжөө илүү өгнө. Баруунд боловсрол эзэмшсэн залуус дотор зөв хүмүүжилтэй, соёлтой, асуудлыг ухаж сэдэж ойлгож чаддаг, гарц гаргалгаа хийх чадвартай хүн бий. Улстөрийн намууд тэр хүмүүсийг л зөв олж, сонгож гаргаж ирэх ёстой юм. Сонгууль дөхөөд ирэхээр л “Энэ мундаг боловсролтой залуу” гээд хэдэн хүнийг заах биш боловсон хүчний шат дараалсан бодлогоор асуудалд хандах ёстой юм л даа. Даанч Монголд боловсон хүчний бодлого алдагдсан. Өнөөдөр багаараа, хамт олноороо зүтгэж байж асар том төсөл хөтөлбөрийн ард гардаг болсон цаг. Түүнийг өндөр боловсролтой хүн л базаж хэрэгжүүлж, менежмэнт хийгээд явчихна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Амьдралын асар их ухаантай хүн менежмэнтийг зөв хийж чаддаг. Өөрөөр хэлбэл, хүний бололцоог зөв талаас нь харж ашиглаж чаддаг тийм авьяаслаг зохион байгуулагч хэрэгтэй. Улстөр ч ялгаа байхгүй тийм хүнийг шаардаж байгаа. Тэр авьяас нь хувь хүний ухаан дээр, боловсрол дээр, туршлага дээр байна. Боловсрол бол анхдагч шалгуур биш. Хамгийн чухал нь хүний оюун ухаан, сурч хүмүүжиж, бойжсон тэр орчин, хүнлэг чанар, энэрэнгүй сэтгэл гэж би боддог. Энэ бүгд бүрдсэн бол арай боломжийн боловсон хүчин гэсэн үг. Амьдралыг ойлгодог, аливаа асуудлын наадах, цаадахыг мэддэг хүн улстөрд хэрэгтэй.
-Эрдэс баялагийн салбарын нуруун дээр Монгол Улсын эдийн засаг тогтож яваа нь нууц биш. Гэтэл ард түмэнд таалагдахын тулд хөгжлийн гарц, гаргалгааг мэдэхгүй хүмүүс популизмаа сонгогчдын тархийг угаагаад байгаа нь хэнд ч ил болжээ? Таны бодлыг сонсоё?
-Геологи, уул уурхайн салбарыг үгүйсгэдэг хүмүүс хөгжилд хүрэх гаргалгааг мэдэхгүй байж попрох хэрэггүй л гэж хэлмээр байна. Энэ том салбараа унагачихвал дахиж яаж босгох юм? Өнөөдөр ул суурь сайтай, Монголын хөрсөнд буухаар, Монгол ёс заншилдаа шингэхээр эрх зүйн орчинг одоо хүртэл бүрдүүлж чадахгүй л байна. Байн байн хуульдаа гар хүрээд, дахин дахин өөрчлөөд, нөгөөх нь бусад хуулиудтайгаа зөрчилдсөн шинжтэй олон жил явлаа. Дахин дахин засвар хийгээд байхаар хууль үнэ цэнэгүй болоод байна. Тийм хуулийг хэрэгжүүлэх гэхээр бизнес, эдийн засгийн орчинд хүлээлт бий болчихоод байна. Нэг баталсан хуулиа дор хаяж 10-20 жил тогтвортой мөрддөг байх ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Харамсалтай нь улстөрчид өчүүхэн зүйл дээр тоглолт хийгээд байгаа харагддаг. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын хууль бол ус агаар мэт хэрэгцээтэй амин чухал хууль байлаа. Даанч баталж чадалгүй буцаасан. Эдийн засгийн хөгжлийн яам, Ч.Хүрэлбаатар сайд л Монголын газар нутгийг зарах гэж байгаа юм шиг гуйвуулж ярьж байна. Ийм нэг явуургүй улстөр, гүтгэлгийг хиймээргүй байна.
-Үндэсний баялагийн сангийн хуульд батлагдсан. Мэргэжлийн та бүхэн ямар бодолтой байна вэ?
-Энэ хууль хамгийн хүлээлттэй, хэрэгцээтэй хууль. Гэхдээ уг хуульд анхааралгүй хандсанаас хийдэл орсон нь ажиглагдаж л байна. Уул уурхайн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдах асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтаа хумихааргүй, зөв чигээс нь харж, хандах ёстой байсан байх гэж бодож байна. Боломжийн сайн хөрөнгө оруулалт хийгдсэн уул уурхайн олборлолтыг стратегийн гэдэг ангилал руу оруулж, хувийн өмчийг дээрэмдэх гэсэн хандлага хуулийн булан үзүүрт байх шиг санагдсан. Энэ бол байж боломгүй зүйл. Уг нь үүнийг татварын нөхцлөөр зохицуулж болох л асуудал. Гэхдээ ерөнхий утгаараа бол боломжийн хууль болсон. Цаашдаа шинээр томилогдох УИХ, Засгийн газар алдаатай зүйл заалтыг нь засаасай, өөр өнцгөөс хараасай гэж хүсч байна.
–Ингэхэд та ямар хүмүүсийг УИХ-д гарч ирээсэй гэж бодож байна вэ?
-Төрийн ажлын олон жилийн туршлагатай, зүгширсэн хүмүүсийг гаргаж ирээсэй, тогтвортой ажиллаасай гэж бодож байна. Мэдээж залуу хүмүүс улстөрд орж ирэх л байх. Тэдэнд зааж сургах, тулж түших ахмад хүмүүс хэрэгтэй шүү дээ. Нэр дэвшсэн, жагсаалтад орсон нэлээд олон залуусыг харахад учиргүй шүтээд, алмайраад байгаа хүн ховор байна. Энэ нь миний авч байгаа мэдээлэлтэй холбоотой ч байж болно. Би хувьдаа тэр нам, энэ нам гэж онцлоод байдаггүй. Хүнийг нь л харна даа. Дахиад давтан хэлэхэд боловсорлоос гадна ажил амьдралын туршлагыг харна. Ямар салбарт юу хийж бүтээсэн юм? Эх орондоо ямар хувь нэмэр оруулсан юм? Ямар зарчим барьж ажилладаг хүн юм? Энэ мэт олон талаас нь харж сонголтоо хийнэ дээ.
Энэ дашрамд хэлэхэд АН-ыхан өнгөрсөн жилүүдэд хийсэн зүйлүүдийг их үгүйсгэж байна. Өөрсдөө оролцож хийчихээд, өөрсдийнхөө ажлыг үгүйсгээд байх шиг санагдаж байна. Сүүлийн 8 жилд МАН эрх барьсан ч АН дэмжих зүйлээ дэмжээд, оролцоод л явсан биз дээ?
–Олон улсын байдал хүнд байна. Хойд хөрш эдийн засгийн хоригт орчихсон амаргүй үе үргэлжилж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Шинээр бий болох төр засаг хамгийн эхлээд ямар алхам хийгээсэй гэж хүсч байна вэ?
-Би үүн дээр өөр бодолтой байдаг. Өнөөдөр ОХУ эдийн засгийн худалдан авалтаар дэлхийд дөрөвдүгээрт орчихлоо. Оросын эдийн засаг Европт нэгдүгээрт орсон. АНУ, Европын холбоо, НАТО-гийн орнууд нийлээд Оросын эсрэг олон багц хориг тавьчихаад байхад энэ улс хөгжиж байна. Ямар ч түүхэнд, ямар ч улсад өмнө нь тавьж байгаагүй хориг тавьчихаад байхад энэ оны нэгдүгээр улиралд худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвдүгээрт ороод, Японыг ардаа орхилоо. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэж ярьж байна. Хятадын эдийн засгийн хөгжилтэй ярих юм алга. Ер нь хүссэн ч, хүсээгүй ч өнөөдөр дэлхийн үзэл бодол олон талт болж эхэлж байна. Улс төрийн олон талт орчин бий болох юм бол дангаараа ноёрхдог Америкийн бодлого явуургүй болно. Энэ бол Монгол шиг геополитиктой улсад маш эерэгээр тусна. Дэлхий нийтээрээ Орос, Хятадын том стратеги, олон талд бодлогыг дэмжье, улс орон бүхэн өөрийн толгойгоороо амьдарья гэж байна. Өөр өөрсийнхөө эрх чөлөөг эдэлье. Бусдын хэрэгт оролцохоо больё гэж байна. Америк энд тэндгүй өнгөт хувьсгал хийж, улстөрийн тогтворгүй байдал үүсгэсэн гэдэг шүүмжлэлд өртдөг. Манай Монголд ч өнгөт хувьсгал хийх хүсэлтэй Соросын сангийн тэтгэлгээр баруунд суралцсан этгээдүүд бий шүү дээ. Сая Гүржид болсон үймээнийг харахад гадаадын янз бүрийн сангаас дэмжлэг авдаг байгууллагууд өнгөт хувьсгалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ бол ард түмний тархийг буруу мэдээллээр угааж турхирсны үр дагавар. Ардчилал нэрийн дор юу ч нуугдаж байж мэднэ.
-Монгол Улсыг нуруундаа үүрч яваа эрдэс баялагийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Манай эрдэс баялагийн салбар, тэр дундаа геологийн салбар яг үнэндээ уналтын түвшинд байна. Нэгдүгээрт, суурь хууль болсон Газрын хэвлийн хуулийг шинэ УИХ батлах байх гэж найдаж байна. Энэ хууль дээрээ тулгуурлаад олон хийдэл давхцал үүсгээд байдаг Ашигт малтмалын хуулиа чамбайруулж өөрчлөх ёстой. Ингэж чадсан цагт манай салбар сэвхийгээд л босоод ирнэ. Уг нь манай салбарын тулгуур нь сайн шүү дээ. Том том уурхайнууд байна. Түүн дээрээ түшиглээд геологийн салбараа улсаас дорвитой харж үзээд явах юм бол манай салбар мэргэжилтнээр дутахгүй. Маш сайн мэргэшсэн хүмүүсээр сүүлийн жилүүдэд бэхижсэн. Харамсалтай нь тодорхой бус хуулиудаас болоод тэр олон бэлтгэгдсэн мэргэжилтнүүд маань тарж бутрах, өөр салбар руу орох аюул их ойрхон байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил дорвитой ажил хийгдээгүй. Томоохон геофизикийн судалгааны ажилд зарцуулна, гаднын геофизикийг оруулж ирээд том юм нээчихнэ л гэж яриад байгаа. Геологийн суурь судалгааг хийгээгүй байхад хоосон яриа хэр амжилт олохыг би мэдэхгүй, таашгүй юм. Геологийн салбарыг хөгжүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгийг яг геологийн тойм болон 50 мянганы зураглалын ажил, эрэл хайгуулын чиглэлд ашиглах ёстой. Мэдээж хайгуулын шатанд огт өөр. Ер нь геологи, хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр хийхгүй бол асар их хөрөнгө оруулалт шаардагддаг. Ярилцлагын үед хэлснээ давтахад энэ салбарыг сонгууль болохоор л унагадаг. Буруу талаас нь ярьдаг. Ард түмэн нь итгэдэг. Гэтэл уул уурхай хөгжиж байгаа Өмнөговийг хар л даа. Иргэдийнх нь амьдрал огт өөр түвшинд хүрчихээд байна.
–Байгаль экологид үзүүлэх үр нөлөө нь уул уурхайг өөр нүдээр харахад хүргэдэг биз дээ?
-Сайны хажуугаар саар үзэгдэл бий. Гэхдээ нөхөн сэргээлт хийвэл тухайн газар нутаг буцаад л хэвэндээ ордог. Нөхөн сэргээлтийг маш сайн хийж байгаа компаниуд олон байна. Түүнээс биш уул уурхайг бүхэлд нь харлуулж болохгүй. Энэ талаасаа сонгуулийн дараа бүрэлдэх УИХ, Засгийн газар манай салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллах байх гэж найдаж байна. Ганц манай салбар биш л дээ. Эдийн засгийн гол тулгуур салбаруудаа үнэхээр онцгой анхаарч эрхзүйн орчноо шуурхай бүрдүүлж, тогтвортой мөрдүүлэх ёстой. Энэ Засгийн газар асар их зүйл хийж байгаа ч харамсалтай нь зарим нь дэмжлэг авахгүй унаж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын хуулийг хар л даа. Хэлэлцэх явцдаа засаад оруулчихаж болох л байсан. Дахин хэлэхэд Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьсан хууль ус агаар мэт хэрэгцээтэй байсан боловч эх орноо хорлогч мэтээр мушгиад л Монголд нэн хэрэгтэй хуулийг хойшлуулчихлаа. Энэ бол дэндүү попорч байгаагийн шинж л дээ. Хамгийн гарз хохирол нь цаг алдсанд байгаа. Харин яаж нэг Баялагийн сангийн хуулиа батлав гэж олзуурхаж сууна. Энэ бол яах аргагүй том дэвшил. Би хувьдаа энэ УИХ-аас Хөрөнгө оруулалтын хууль, Газрын хэвлийн хуулийг хүлээж байсан юм.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Манай салбараар хэдэн боломжийн залуу нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байгаа. Тийм боловсон хүчнүүд УИХ-д орчихвол салбарынхаа төлөө их зүйл хийнэ дээ гэж залбираад л сууж байна даа.
Д.Лхагвадорж