Эрдэс баялагийн салбар дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байгааг хэн хүнгүй мэддэг. Уул уурхайн салбарын хууль боловсронгуй бус байгаагаас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл найдвар төрөхгүй байгааг ч гадарладаг хүмүүс олон. Энэ хүрээнд Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга, FVSP компанийн ерөнхий геологич Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
-2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд геологи, уул уурхайн салбарын “Minig week” хэмээх арга хэмжээ болж өндөрлөлөө. Oлон хоног үргэлжилж Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Төр засгаас өндөр ач холбогдол өглөө гэж би хувьдаа дүгнэсэн. Та ямар үр дүнг олж харав?
-Энэ боломжийг ашиглаад юуны өмнө Геологийн салбарын хамт олондоо тус салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Өнөөгийн эрдэс баялгийн салбарын хамт олны оруулж байгаа ажлын үр шим нь улс орны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг бөгөөд хөгжлийн үндэс суурь болж явдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
“Minig week” арга хэмжээнд би хоёр дахь жилдээ оролцлоо. Төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайд, дарга нар бүгдээрээ хүрэлцэн ирсэнд талархал төрсөн. Энэ удаад Засгийн газрын гишүүд идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлж байгааг том амжилт гэж харж байна. Шийдвэр гаргагчид геологи, уул уурхайн салбарын асуудлыг сонирхож нээлттэй ярилцаж байгаа нь урд өмнө нь гарч байгаагүй үйл явдал боллоо. Энэ жил зохион байгуулалтын хувьд ч, оролцож байгаа хүмүүсийн хувьд ч тэр манай геологи, уул уухайн хөгжлийн асуудал шинэ шатанд гарсан байна гэж олзуурхав. Үр дүн нь салбарын хөгжилд, хууль эрхзүйн орчны өөрчлөлтөд дорвитой хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Хувийн бодлоо хэлэхэд “Мining week” арга хэмжээг долоо хоног үргэлжлүүлэх нь хэр үр ашигтай вэ гэж дотроо эргэцүүлсэн. Их хэмжээний зардал мөнгө гарч байгаа. Тэгэхээр чанартай, богино хугацаанд хийх нь илүү дээр гэж бодогдож байсныг энэ дашрамд илэрхийлье. Орчин үеийн шаардлага ч тийм шүү дээ.
-Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлэхдээ “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна” хэмээн онцолсон. Танай салбарын эрхзүйн орчинд яг ямар шинэчлэл, бодлого үгүйлэгдэж байна гэж та хэлэх вэ?
-Манай салбарын хууль эрхзүйн орчин тогтворгүй байна. Эрхзүйн орчноо тогтвортой болгох ёстой. Нэг баярлууштай нь гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөл чамбай сайн боловсруулагджээ гэж бодсон. Цаг алдалгүй хэлэлцэж батлах ёстой хууль гэж бодож байна. Геологи, уул уурхайн салбар бол гаднын хөрөнгө оруулалтгүйгээр явахгүй. Бидний боломж хүрэхгүй. Тэгэхлээр хөрөнгө оруулагчдын итгэлийг бид авах ёстой юм. 2009-2014 оны хооронд хөрөнгө оруулагчдад таатай Ашигт малтмалын хууль үйлчилж байсан шүү дээ. Үр дүнд нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж, ашиг шимийг нь монголчууд бид хүртээд эхэлсэн. Одоо ч хүртэж байна. Би энд “Оюу толгой” төслийг дурдахыг хүсэж байна. Ер нь манайд гарын арван хуруунд багтахуйц хэдэн том төсөл хэрэгжиж байна зарим нь хэрэгжих шатанд явж байна. Ирээдүйд улс орны хөгжилд эдгээр төслүүд түлхэц өгөх нь гарцаагүй юм. Шинэ технологи хөгжихийн хэрээр нэн хэрэгцээт металлын эрэлт өсөхөөр байна Тиймд энэ чиглэлийн хайгуулын ажилд зориуд анхаарч онцлон судлах нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
-Уучлаарай, таны ярианы завсар нэг зүйл асууя. Манайд геологи, хайгуулын ажил ямархуу түвшинд хийгдэж байна вэ? Геологийн судалгаа, шинжилгээгүйгээр эх орныхоо байгалийн баялгийг олж тогтоох боломжгүй шүү дээ?
-Монгол Улс 1.500.000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай. Үүний 45-хан хувь нь геологийн суурь судалгаагаар бүрхэгдсэн. Бид үндсэндээ Монгол нутгийнхаа дийлэнх хэсгийг судлаагүй байна гэж хэлж болно. Тойм судалгаа бол хийгдсэн. Геологийн 1:200000-ны масштабын зураглалаар бүрхэгдсэн. Геологийн суурь судалгааны мэдээллийг нарийн чамбай боловсруулж нэгтгэгдэг суурь судалгааны төрөл нь 1:50.000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил байдаг. Үүнийгээ сайн хийгээд цэгцтэй мэдээллийн системтэй болговол Монголд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүрдэх юм.
-Геологи, уул уурхайн салбар Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч нь байсаар ирсэн. Цаашдаа ч байх нь ойлгомжтой. Гэхдээ таны ярьж байгаагаар хөрөнгө оруулалтгүйгээр энэ салбар явахгүй. Хөрөнгө оруулалтыг татах гол нөхцөл боломж нь хууль эрхзүйн орчин сайн байх явдал. Энэ чиглэлээр шийдвэр гаргагчид ямар алхам хийж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, тэдний эрсдэлийг бага байх чиглэлд Эдийн засгийн хөгжлийн яам эрчимтэй ажиллаж байна. Энэ яамны бодлогын нөлөөн дор Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдах гэж байна. Миний бодож байгаагаар аливаа хуулийг хэрэгжүүлэхдээ хууль хоорондын хийдэл, давхцал, цоорхойг байхгүй болгох хэрэгтэй юм. Манай геологи, уул уурхайн салбарын томоохон хууль болох Газрын хэвлийн тухай хуулиа батлаад, үүн дээрээ үндэслээд Ашигт малтмалын хуулиа яаралтай батлах ёстой. Энэ талаар ярьдаг мөртөө эсрэгээр нь хэрэгжүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмалын хуулийг л батлуулах гэж зүтгээд байгаагаас бус Газрын хэвлийн тухай хуулийг тоох ч үгүй, анхаарах ч үгүй байна. Уг нь өнгөрөгч 3 дугаар сарын 24-нд Геологийн салбарын улсын зөвлөгөөн боллоо. Тэр зөвлөгөөн дээрээс бид Зөвлөмж гаргаж Их хурлын гишүүд, Засгийн газар, салбарын яам, харьяа агентлагуудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай салбарынхан Газрын хэвлийн хуулийг сайжруулж, цоорхойгүй болгоод, Ашигт малтмалын хуулиа хий завсаргүй боловсруулан батлуулах хэрэгтэй гэдэг Зөвлөмжийг гаргасан. Өнөөдөр хар л даа. Нэг хууль нь нөгөө хуулиа үгүйсгээд ч байгаа юм шиг, зөрчилдөөд ч байгаа ч юм шиг. Тийм цоорхой байгаад байгаа болохоор дээр дооргүй буруугаар ашиглаад байна. Хуулийн хийдлийг манай төр гаргах ёсгүй. Түүнээс биш нэг сайд нь гарч ирээд л би энэ хуулийг зүтгүүлнэ гээд байх нь буруу жишиг юм. Улс орны язгуур эрх ашгийг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, сайн хууль гаргаад тогтвортой мөрдмөөр байна. Дахин хэлэхэд Газрын хэвлийн хууль, түүнийг дагаад Ашигт малтмалын хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлээд батлах юм бол манай эдийн засагт бодит тус дэм болно. Аль ч улсын хөгжил хуулиа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас хамаардаг шүү дээ. Тэр хууль нь хоорондоо зөрчилгүй байх ёстойг дахин сануулъя. Энэ талаар олон жил яриад байгаа мөртөө хуулийнхаа дэс дарааллыг зөв гаргаж ирээгүйгээс давхцал хийдэл нэлээд гараад байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль эрхзүйн орчныг тогтворгүй байна гэж шүүмжилдэг. Удахгүй хэлэлцэгдэх Ашигт малтмалын тухай хууль тэдний эрх ашгийг хангах хэмжээнд хүрч магадгүй нь гэж таны ярианаас ойлголоо?
-Тиймээ. Давтаад хэлэхэд гаднын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчин баталгаагүй байна гэдэг. Хөрөнгөө оруулахад баталгаа байх ёстой. Ашиг харж л хөрөнгө оруулна шүү дээ. Энэ утгаараа харилцан бие биеэ хөгжүүлэх механизм байх ёстой. Өмнөговь нүдэн дээр хөгжиж байна. Тэгэхлээр уул уурхайг ад үзэх биш хариуцлагатай уул уурхай гэдэг зарчмаар нь хөгжүүлээд явбал улс орны хөгжил хол биш ойрхон, эдийн засгийн бат суурь баазтай болох боломж байна.
–Аль ч салбар мэргэжлийн боловсон хүчний чадавхаас шалтгаалдаг. Ялангуяа бодлого боловсруулдаг яам, агентлагт ажиллагсдын ур чадвараас их зүйл шалтгаална. Салбарын тогоонд нь ажиллаж байгаа хүнийхээ хувьд Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны хүний нөөцийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Яг үнэндээ боловсон хүчний асуудал хамгийн тулгамдсан сэдэв болж байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, зэрэг зиндаа буурсан. Энэ нь нэг талаас авч байгаа цалин хөлстэй холбоотой. Хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц цалинтай болговол төрд ажиллах сэтгэлтэй залуус олон гарч ирнэ. Чадварлаг мэргэжилтнүүдийг татахын тулд ахуй амьдрал, нийгмийн асуудалд нь анхаарах ёстой. Тийм боломж байна уу? Байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд үрдэг мөнгөө больчих хэрэгтэй. Сонгуульд төрөөс зардал гаргах ёсгүй. Тэр гарах зардлыг төрөө бэхжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Нөгөө талаас амьдрал үзсэн, туршлагатай хүмүүс төрд хэрэгтэй. Намын харьяалал, танил талыг харгалзан туршлагагүй хүнээр дүүргээд байхаар яаж төрийн ажил урагшаа явах юм. Өнөөдөр олон сайхан ахмадуудаа ад үздэг жишиг тогтсон байна. Мэдлэг чадвар, туршлагыг нь төр ашиглах ёстой. Нас, намын харьяаллаар халдаг сольдог нь төрийг хүчгүйдүүлж байна.
“Хэрхэн давуу тал олж авах вэ гэж үү? Ахмад хүмүүсийг хүндэл. Энэ бол давуу тал олж авах гол хүч юм” гэж Оросын нэрт жүдоч О.В.Мальцев хэлсэн байдаг. Иймэрхүү үнэн үгийг тусгаж авах хэрэгтэй. Олзуурхууштай нь өнгөрөгч 10 дугаар сарын 1-нд болсон Ахмад настны үндэсний чуулган дээр Л.Оюун-Эрдэнэ “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн нь цаг үеэ олсон зөв байр суурь болсон.
Ер нь мэргэжлийн бус хүмүүсийг өөр зорилгоор төрийн өндөр албанд тавьж байгаагаас авлига албан тушаалын хэрэг гараад байна гэж би хувьдаа хардаг. Төрийн албан хаагчдын, ер нь хэний ч сэтгэлд хамгийн түрүүнд эх орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Гэтэл шуналаасаа болоод эх орныхоо хүчийг сулруулах зүйл хийж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй харамсалтай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрч хүчтэйгээр авлигатай тэмцэж байгааг дэмжиж байна.
-Хөрөнгө оруулалтыг татахын тулд салбарын хууль эрхзүйн орчныг өөрчлөх асуудал хөндөгдөж байгааг та хэллээ. Энэ хүрээнд орон нутагт эрх мэдэл өгсөн асуудлыг засаж чадах болов уу?
-Үнэндээ Монгол маань нэгдсэн статустай хэрнээ холбооны улс шиг л байгаа. “Mining week” хурал дээр “Монгол бол холбооны улс биш” гэж Ж.Ганбаатар сайдын хэлсэн үг нь төрийн шийдвэр орон нутагт саадгүй хэрэгжих ёстой гэсэн утгатай үг шүү дээ. Төрөөс гарсан шийдвэр доод шатанд хэрэгжихгүй асуудал их байна. Орон нутагт геологи хайгуулын ажил хийлгэдэггүй. Шинжилгээ судалгааны ажил хийх гээд очихоор эсэргүүцдэг. Нэг талаас энэ нь манай эрдэс баялгийн салбарынхан ажлынхаа талаарх үнэн бодит мэдээллийг ард түмэндээ 100 хувь хүргэж чадахгүй байгаатай холбоотой. Гэхдээ өгсөн мэдээллийг мушгидаг бүхэл бүтэн бүлэг хөдөө орон нутагт бий болчихсон байгаа нь нууц биш.
Орон нутгийн иргэд ирээдүйгээ, үр хүүхдээ, сум орон нутгийнхаа хөгжлийг бодохгүй байна. Хэдэн мал байвал боллоо л гэж бодох юм. Гэтэл малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн даац хэтрээд, улмаар цөлжих аюул нүүрлээд байна. Яагаад тэрийг ойлгодоггүй юм? Яагаад төр нь малаа дэмжээд, улсынхаа хөгжил, хүнийхээ ирээдүйг тоодоггүй юм. Гаднын эрдэмтэд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн амьдрах нөхцөлгүй болох нь байна шүү. Арга хэмжээ аваач” гэж олон жилийн өмнөөс анхааруулж эхэлсэн. Тэрбум мод тарих сайхан санаачилга гаргасан ч цөлжөөд ирэхээр үр дүн гарахгүй. Цөлжилт гүнийн усандаа нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, усгүй болно гэсэн үг. 1000 баялаг байгаад усгүй цөл болбол ямар хэрэг байна вэ? Үнэн хэрэгтээ уул уурхайгаас болоод дэлхий хэцүүдээд байгаа юм байхгүй. Уул уурхайгаас болоод ус ургамал ширгээд байгаа гэж ойлгож болохгүй. Харин ч уул уурхайн технологи өндөр түвшинд хөгжсөн учраас усыг бага хэмжээгээр хэрэглэж байна. Байгаль орчны сайд мэдээлэлдээ “Уул уурхайн салбар усыг тэгж их хэрэглээд байгаа юм байхгүй. Мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар Монголын цэвэр усны хэрэглээний 60 гаруй хувийг ашиглаж байна” гэж хэлээд авна лээ. Амьдрал дээр уул уурхай нийт усны хэрэгцээний 17-хон хувийг хэрэглэдэг. Бид бодит судалгаа, баттай баримт дээр тулгуурлаж улс орноо авч явах ёстой. Хэн нэгний амны зоргоор амьдарч болохгүй. Цөлжилтөөс сэргийлж малын тоо толгойг ойрын 3 жилдээ багтааж 2 дахин цөөрүүлэх хэрэгтэй. Тооны араас хөөцөлдсөнөөс мал, мах, үс ноосны чанар нь байхгүй болчихлоо шүү дээ. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр сөрөг тал ингэж гараад байна.
-Ингэхэд өнөөдөр геологийн салбар ямар түвшинд байна вэ? Геологи, уул уурхай хоёр ялгаатай шүү дээ?
-Геологийн салбар нураад уначихлаа гэхэд буруудахгүй. Үндэсний геологийн албаа алба шиг алба болгох ёстой. Хэрвээ төр гэж байдаг бол мэргэжилтнүүдээ төвлөрүүлмээр байна. Тэгэхгүй бол манай мэргэжилтнүүд талын нэг тарчихлаа. Тэр сайхан бэлдсэн боловсон хүчин алга болчихлоо. Өнөөдөр 1:50.000-ны масштабын геологийн суурь судалгаа явуулъя гэхэд хуучин үнэлгээгээр явж байх жишээтэй. Ийм байхаар судалгааны чанар байхгүй болчихож байгаа юм. Судалгааны ажилд тавьдаг хяналтын механизм суларч байгаа юм. Геологи хайгуулын ажлын бодит үнэлгээ буурчихаар хэн ажил хийх юм? Өнөөдөр нэг геологич нэг тендер авсан компанид очоод ажил хийхэд үсрээд 2000.000 төгрөг өгөөд зүтгүүлнэ. Төрийн байгууллага нь тайлан базуулж авсан нэр зүүгээд л улсын мөнгийг зүгээр авчих санаатай ажиллаж байна. Үндэсний геологийн алба тэр болгонд хяналт тавихад хөрөнгө мөнгө нь дутмаг. Газар дээр нь шалгая гэхээр томилолтын хэдхэн төгрөг өгдөг. Ийм байхад хэн очиж ажил хийж зөвлөгөө өгөх юм бэ? Өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдэд цаг зав байхгүй. Тэднийг татан оролцуулахын тулд хийх ажилд нь дорвитойхон мөнгө төсөвлөх ёстой юм. Үнэлэх хэрэгтэй юм. Дараа нь хариуцлага тооцох ёстой. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхдээ “Чи очиж шалгалт хийхдээ юугаа харж байсан юм” гэж хариуцлага тооцдог тогтолцоонд орох ёстой. Сайн геологичид маань тэр болгон яваад байх завгүй учир олигтойхон урамшуулж байх ёстой. 10 хоног хээрийн анги дээр очиж ажлыг нь шалгахад боломжийн мөнгө өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн шийдвэл шийдэх ёстой томоохон асуудлууд байна. Тендерээс жишээ авахад аль бага мөнгө төсөвлөснийг нь шалгаруулчих гээд байдаг. Яг ажил аваад хийхээр чаддаггүй, мөнгө нь хүрдэггүй. Ингээд л ямар нэг шалтаг хайхаас аргагүй болж байгаа юм. Тендерийг бодитой харах хэрэгтэй. Энэ ажлыг хийж чадна гэсэн багийг оруулж чадамжтай хүмүүсийг тендерийн комисст оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, танил талаар биш геологийн салбарыг мэддэг жинхэнэ мэргэжлийн хүмүүсээр тендерийн комиссыг бүрдүүлэх ёстой. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг салбарын талаар А ч ойлголтгүй нөхрийг оруулдгийг болих цаг болсон. Ер нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байх ёстой ч юм уу үгүй ч юм уу? Хувийн хэвшлийн ажилд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг оруулдаг, дардаг дарамталдаг байж болмооргүй байгаа юм. Мэргэжлийн өндөр түвшний шинжээчдийг томилоод, тэд хүлээн зөвшөөрсөн бол шалгаруулдаг, хэрвээ тэр компани дээр ямар нэгэн асуудал үүсвэл тухайн эксперт толгойгоороо хариуцдаг механизм байх ёстой. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн гэж хэдэн дархан эрхтэй хүмүүс хаагаад, боогоод жижиг сажиг юмаар оролдоод суудаг тогтолцоог өөрчилье. Хувийнхаа хөрөнгөөр ажил хийсэн компанийн ажлыг хүндрүүлдэг, компанийн төлөвлөгөө зорилго, зорилтоос хойш нь татдаг байж болохгүй шүү дээ. Нарийн мэргэжлийн экспертүүдээ томилоод шинжээчдийн дүгнэлтээ улс аваад бүртгэдэг байх ёстой.
–Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тамгыг гардаж авах үедээ уул уурхайн хөгжлийг дэмжинэ, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарч ажиллана гэсэн. Салбарын сайдын энэ байр суурь тэр дороо аж ахуйн нэгжид мэдрэгдэх ёстой биз?
-Сайд шийдвэр гаргахад улс төрийн бодлогоос хамаараад олон л юм нөлөөлдөг байх. Миний бодлоор сүүлийн жилүүдэд манай салбарын хөгжлийн бодлогод ахиц гарч байна. Уул уурхайн салбарынхан илүү нээлттэй, илүү хариуцлагатай болж байна. Гэхдээ мэдээж сул тал байгаа. Геологийн салбарыг төлөөлдөг хүнийхээ хувьд хэлэхэд хайгуулын лицензийг маш бага өгч байгаа. Улсын хэмжээнд 1000 хүрэхгүй байгаа нь хангалтгүй. 1.500.000 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй газар дээр 1000 хүрэхгүй хайгуулын лиценз байна гэдэг дэндүү чамлалттай. Ирээдүйн “Эрдэнэт”, “Оюу толгойг” хайх хэрэгтэй биз дээ? Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тулгуурлаж байгаа ийм онцлогтой үед гарын таван хуруунд багтахгүй баялаг экспорлож байгаа нь багад тооцогдоно.
-Баярлалаа. Монголын геологи, уул уурхайн салбарын хөгжилд амжилт хүсье.
Ярилцсан Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
“ГАЗРЫН ХЭВЛИЙН БАГЦ ХУУЛЬ” боловсруулан батлуулж эрдэс баялгийн салбарын хэмжээнд тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой байна.
Энэхүү багц хууль нь Газрын хэвлийн ерөнхий хууль, ГЕОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, Уул уурхайн тухай хууль, Геомэдээллийн тухай хууль, Кадастр бүртгэлийн тухай хууль, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай хууль зэрэг хуулиудаас бүрдсэн салбарын боловсон хүчин, байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, урамшуулал, геологийн үе шаталсан судалгаа, нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын баялаг, нөөц, уул уурхайн техник технологи, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн хадгалалт, борлуулалт, тээвэрлэлт, татвар зэрэг олон асуудлуудыг бүрэн хамруулна.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /2006.07.08, 11 бүлэг 64 зүйл/-ийг салбарынхан КАДАСТР БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэж нэрлэдэг.
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛЬ ба ГЕОМЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-иудын төсөл нь бараг бэлэн болсон. УУХҮЯ нь боловсруулсан төслөө 2023 оны 3 дугаар сард олон нийтээр хэлэлцүүлсэн АМТХ-ийн шинэчилсэн найруулгад тусгасан байсан…