Профессор Ж.Сандуйжав гуайтай гудамжинд тааралдлаа. Ойр зуурын хэдэн үг солив. “Дээд боловсролыг “ад үзэх” хандлага цухалзах боллоо” гэж намайг хэлбэл өвгөн багш “Нийгэмд боловсрол ямар их үнэ цэнэтэйг Оросын сэтгүүлч аль 1966 онд тогтоосон байдаг. Тэр хүн Америкт очоод нэлээд урт хугацааны судалгаа хийж, улмаар “Деловая Америка” гэдэг ном гаргасан юм. Тэр номоороо боловсролтой, оюунлаг хүмүүс дээр нийгэм оршин тогтнож байгааг маш нарийн нотолсон” гэлээ. Ж.Сандуйжав багш мөн “Их, дээд сургуулийн сургалтын төлбөр өндөр байх ёстой гэж үздэг хүмүүс, тийм улстөрийн нам, улстөрчид байх юм. Энэ бол маш том эндүүрэл. Гажуудал, тэгш бус байдал үүнээс үүсдэг. Монголын нийгмийн амьдралын түвшин маш эрс тэс байна шүү дээ. Сургалтын төлбөр аль болох либераль байх ёстой. Зарим жил бууж болно. Бас төрөөс даадаг байж болно. Ер нь сургалтын төлбөрийн олон янзын хувилбарыг бий болгож байж суралцах хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүдийн боломжийг хангах учиртай юм. Тухайн хүүхдийн нь ч, төр улсын ч ирээдүйд хэрэгтэй” гэсэн юм. Буурлын амнаас аргагүй л чухал үг унах юм.