Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 16, түүнээс дээш давхар барилгууд баригдаж байгаа. Харамсалтай нь ахуйн хүрээний тамхидалт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үнэхээр заналхийлж байна. Тагтан дээрээ тамхи татаад, унтраалгүй хаяснаас болж өчнөөн зуун айл орох оронгүй болох эрсдэл бодитой нүүрлээд байна. Хэдэн жилийн өмнө нэг бүдүүлэг этгээд татсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр шидчихсэн чинь доод айлынх нь тагт руу орж, улмаар хураалттай эд зүйлсэд нь гал гарч тухайн орон сууцны айлууд бүхэлдээ галын эрсдэлд орсон жишээ бий. Өнгөрсөн жил л гэхэд Баянмонгол болон 15 дугаар хороололд бүдүүлэг тамхичны гайгаар гал гарч айл өрх орон гэрээсээ салж байлаа шүү дээ! Бас орцонд татаж байсан тамхины ишээ хогийн бункер руу хийснээс бөөн утаа дэгдэж, олон хүн угаартах боллоо! Ядаж байхад ахлах ангийн охид, хөвгүүд шөнө дөлөөр орцонд үүрлэж, архи, тамхи хэрэглэж байгаа нь олон айлыг орон гэргүй болгох эрсдэлд хүргэж байгааг холбогдох байгууллагууд анхаарна уу!!!
Ер нь тамхитай холбоотой эмгэнэлт жишээ дэндүү олон. Ялангуяа хуурайшил ихтэй дулааны улиралд тагтан дээрээ тамхи татах аюултай гэдгийг тамхичид ойлгохгүй байгаа нь харамсмаар! Хамгийн аюултай нь түгжрэл ихтэй үед галын машин ирэх гэсээр байтал олон хүн амь нас, эрүүл мэнд, орон байраараа хохирч мэдэхээр байна шүү!
…20 дөнгөж л гарч яваа залуухан эмэгтэй орцонд тамхи татан зогсоно. “Энд тамхи татах хориотойг мэдэхгүй юү?” гэж асуувал “Миний хаана тамхи татах танд хамаагүй” гэж хэгжүүрхэв. “Нийтийн орон сууцанд тамхи татахыг хуулиар хориглосон. Энд чинь нялх, нярай хүүхдүүд амьдарч байгааг яагаад ойлгодоггүй юм бэ?” гэвэл “Сүртэй ш дээ” гэж их л дургүйцэв. Орцонд бяцхан уушиг төлжиж байгаа гэдгийг ойлгох ухамсар тэр амиа бодсон арчаагүй хүүхэнд даанч алга. Өөрөө тамхи татдаггүй ч дам тамхидалтад байнга өртөх нь эрүүл мэндэд дэндүү хор хохиролтой гэдгийг тамхичид огтхон ч тоодоггүй нь хүн чанарын хомсдлын нэгэн тод жишээ юм даа.
Тамхины хяналтын тухай хуулийн 9,1,8-д “Орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглоно” гэж заасан байдаг. Хэрвээ хуулийн энэ заалтыг зөрчвөл тухайн иргэнийг 50000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байгаа. Харамсалтай нь хуулийн энэ заалт орон сууцанд огт хэрэгжихгүй байна. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүс орцыг үнэхээр гамшиг болгож бусад хүмүүсийн эрүүл орчинд амьдрах эрхэнд ноцтой хохирол учруулж байна! Хамгийн аюултай нь нийтийн орон сууцанд тамхи татсанаар бусдын эрүүл мэнд ноцтой хохироод зогсохгүй гал түймрийн аюул гарах эрсдэлтэй! Тамхичны унтраалгүй хаясан ганц ширхэг тамхи ямар их уршиг тарихыг бүх шатандаа анхаарч, хатуу тэмцэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллага орцонд тамхидах хэрэг зөрчилтэй хайр найргүй тэмцэж, Тамхины хяналтын тухай хуулийг хатуу сахиулан, хэрэгжүүлье!
Д.Лхагва