Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа.
Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.