Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нар уг нь нэгэн дээвэр дор хамтран ажиллах боломжгүй хүмүүс. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогт эрх мэдлээ урвуулан ашиглаж Оюу толгойн гэрээг Монголд ашиггүй хувилбараар батлуулсан гэдэг үндэслэлээр шүүхээс ял сонсож, хэсэг хугацаанд хоригдож байсан билээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогтоос гадна М.Энхсайхан, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байв.
Х.Баттулга АН-ын даргын сунгаа гэгч арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхдээ “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг 100 жилээр Хятадуудад өгөхийг санаархсан. Би Монголын дайснуудтай найзалж болохгүй биз дээ” хэмээн шуудхан мэдэгдэж байлаа. Энэ өнцөгөөс харвал Х.Баттулга Ц.Элбэгдорж, С.Баярцогт нартай зам мөр нийлэхгүй л байх учиртай. Гэтэл зарим хэвлэл мэдээллээр Х.Баттулга, С.Баярцогт нарыг учраа ололцсон, ямар ч асуудалгүй болсон мэтээр бичсэн байх юм. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед шүүхээс ял сонссон АН-ын нэр нөлөө бүхий эрхэмдүүд одоо түүнд наалдах уу? Логикоор бодоход үгүй л баймаар. Яагаад гэвэл, тэд Х.Баттулгын захиалгаар шүүх ажилласан гэдэгт бат итгэлтэй байгаагаа өөрсдөө ярьсан шүү дээ. Гэхдээ цаашаа өрнөх процесс л бодит байдлыг тодорхой харуулах буй заа.
Д.Лхагва