НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олoн нийттэй харилцах хэлтсээс “Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж, зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүд болон хувийн хэвшлийн тохижилт, үйлчилгээний байгууллагын 671 албан хаагч 53 машин техниктэйгээр ажиллаж байна. Ингэхдээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж буй. Цас нэгдүгээр сарын 20-ны 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа авто замыг хусаж, гарсан цасыг ачиж, цэвэрлэх юм. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ. Хотын захиргааны зүгээс их цасыг арилгахад дан ганц ТҮК-ийн ажилтнуудын хүч хүрэхгүй тул Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хариуцах үүргээ биелүүлэхийг уриалж байгаа аж.
Үнэхээр аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудаа дайчлан цас цэвэрлэх ажилд гарах л хэрэгтэй. Ганцхан өдөрт 100 гаруй хүн халтирч унаснаас бэртэж гэмтэж байна шүү дээ. Орон сууцны оршин суугчид ч зөвxөн СӨХ-ны хэдэн үйлчлэгч нартаа туслах ёстой. Сэтгэлтэй бай!
Д.Лхагва