Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Украинд ням гарагт гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй тус улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-гийн санд 37 сая ам.доллар хандивлахаа амлалаа.
Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа Украинд айлчилж буй юм. Япон улс энэхүү санхүүжилтээр нисгэгчгүй онгоц илрүүлэх систем болон бусад тусламжийг үзүүлнэ гэж К.Йоко Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хэлэлцээ хийсний дараа Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Токио мөн украинчуудад хахир хатуу өвлийг даван туулахад нь туслахын тулд Киевт таван ширхэг зөөврийн хийн турбин цахилгаан үүсгүүр өгнө гэж Камикава хэлээд, Украинд энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх улс орныхоо тууштай байр суурийг илэрхийлсэн байна.
Хоёр орон Украины сэргээн босголтын асуудлыг хэлэлцэх зорилгоор Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 19-нд бага хурал зохион байгуулахын өмнө түүний айлчлал болж байна. Польшоос галт тэргээр Украинд ирсэн К.Йоко пуужин, нисгэгчгүй онгоцоор бөмбөгдсөн Оросыг Японы тал зэмлэн буруушааж байгааг дахин илэрхийлж, Украины иргэдэд хоргодох байр барих, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд туслахаа амлалээ.
Тэрбээр мөн аливаа статус-квог хүчээр өөрчлөх оролдлогыг үл тэвчих үүднээс хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын чухлыг онцлов. Ерөнхий сайд Кишида Фүмио өнгөрсөн гуравдугаар сард Украинд гэнэтийн айлчлал хийж, НАТО-гийн сангаар дамжуулан Украинд 30 сая долларын өртөг бүхий үхэлд хүргэхгүй зэвсэг хэрэгсэл нийлүүлнэ гэж амласан юм. К.Йокогийн өмнө Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Ёшимаса Хаяши мөн есдүгээр сард тус улсад айлчилж байв гэж МОНЦАМЭ мэдээллээ.