Науру гэж бяцхан арал улс Номхон далайн өмнөд хэсэгт Австрали тивээс холгүй байх. Цагтаа энэ улс шиг баян улс байгаагүй. Харин өнөөдөр огцом ядуурчээ. 1968 оны энэ өдөр Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ. Дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай.
XX зууны эхний хагасын турш Науру нь “Ханган нийлүүлэгч орон” гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь “Номхон далайн фосфат” компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг.
Эрдсийн ганц баялгийнх нь үнэ олон улсын зах зээлд өндөр байхад тухайн улсын удирдлагууд тансаг хэрэглээгээ нэмж, олон БОИНГ-737 онгоц, үнэтэй машин худалдан авч, тансаг байшин, зочид буудлууд барьсан аж. Засгийн газар хөрөнгө оруулалтын сан байгуулж 1980-аад оны эцсээр нэг тэрбум ам.доллараа тансаг, ашиггүй, янз бүрийн төслүүдэд оруулчихсан байв.
Науругийн иргэд ямар ч татвар төлдөггүй, нийт ажиллагсдын 95 хувь нь улсын байгууллагад ажилладаг байна. Бүх хар ажлыг хөрш зэргэлдээ орнуудын иргэд хийж, науручууд амарч, далайн эрэгт нарлан суудаг байжээ. Эмнэлэг, сургууль төлбөргүй бөгөөд гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол иргэдээ Австрали руу онгоцоор нисгэж, бүх зардлыг улсаас нь төлдөг байна. Иргэд нь зөвхөн дэлгүүр хэсэхийн тулд тусгай онгоц хөлсөлж, Гуам, Хавай, Сингапур руу нисдэг байсан гээд боддоо. Мөнгөний хариултыг ч үл авна. Үе үеийн Ерөнхийлөгчид нь дуртай цагтаа иргэний нисэхийн онгоцоороо гадаадад зугаалахаар явдаг байж Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг болов. Орлого олохын тулд Засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болжээ. Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Байгалийн баялгаа олборлох явцад газар нутгаа сэргээхгүй, том том нүх үлдээгээд хаясан учир тариалан эрхлэх аргагүйд хүрч, хүн ард нь бөөнөөрөө улс орноосоо дүрвэхээс өөр гарцгүй болжээ. Науру улс хувийн хэвшил бараг байхгүй, тариалах талбайгүй, цэвэр усны нөөц маш хомс, их хэмжээний өрөнд баригдаж Засгийн газар нь ямар ч орлогогүй болсон гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээлж байв.
Сиднейн их сургуулийн профессор Жон Коннел “Науругийн өнөөгийн байдал бол эмгэнэл төдийгүй тус улсын удирдлагууд олон арван жилийн турш ухаалаг бус бодлого гаргаж байсны үр дагавар” хэмээн дүгнэжээ.
Манай Монголын хувьд ч уул уурхай, эрдэс баялагийн салбарынхаа бодлогод туйлын няхуур, алсын хараатай, эх оронч сэтгэлээр хандахгүй бол ирээдүйд энэ мэт улсын гашуун түүх хүлээж байгаа шүү! Байгалийн баялагаас олсон орлого хэдхэн хүний гарт төвлөрөх нь улсыг дампуурал, сүйрэл рүү хөтөлнө гэсэн үг!
Д.Лхагва