Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан цахимаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам заавруудад шинэчлэн баталсан хуульд орсон зохицуулалтуудтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж, заримыг нь шинээр батлан мөрдүүлэхээр болов. Тухайлбал, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогчийн саналыг тухайн анги салбарын хамаарагдаж буй нутаг дэвсгэрт байх хэсгийн хороо нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна. Уг зохицуулалттай холбоотой заалтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн саналыг авах нийтлэг журамд нэмж тусгасан.
Сонгогчийн санал авах байрыг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцан санал авах өдрөөс долоо хоногийн өмнө бэлэн болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2021 оны 6 дугаар сарын 02-ноос өмнө санал авах байрыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу бэлэн болгоно. Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн үеийн уг зааврын хэрэгжилтийн байдал, сонгуулийн хороодоос, түүнчлэн мониторинг хийсэн төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг үндэслэн “Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлага”-ыг шинээр баталлаа. Тиймээс сонгуулийн санал авах байрыг сонгох, санал авах ажиллагаанд бэлэн болгохдоо энэхүү шаардлагыг баримтална.
Санал авах байрны ерөнхий шаардлагыг боловсруулахдаа Стандарт, хэмжил зүйн газраас тогтоосон MNS 6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага”, MNS 6056:2009 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар”-ын стандартуудыг үндэслэл болгосон юм.
Уг шаардлагад санал авах байрны гадна болон дотор орчинд тавих шаардлагыг тодорхой зааж өгснөөс гадна байрны ашиглалтын талбайн доод хэмжээг тусган баталсан. Тухайлбал, аймгийн төв болон дүүрэгт байрлалтай санал авах байрны талбай нь 80 м.кв-аас багагүй, сумын төвд 60 м.кв-аас багагүй, багт байгуулах санал авах байр нь 20 м.кв-аас багагүй байхаар тогтоож өгөв. Ийнхүү талбайн хэмжээ зааж өгснөөр санал авах байранд үүсэх иргэдийн бөөгнөрөл, ачааллыг бууруулах, сонгогчийн саналын нууцлалыг хангах, санал авах ажиллагааны явцад ажиглалт хяналт хийх боломжийг нэмэгдүүлэх юм.