УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж яллагдагчаар татагдсан тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шийдвэр гаргалгүй хойшиллоо.
Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Өөрөө бол нүүрсний хулгайтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн. З.Энхболдын хувьд мөн л нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Тэрбээр “Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Өнөөдрийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Сая л шүүх хурлаас мэдээлэл авлаа ш дээ. Энэ улсад Тавантолгойн орд газрын ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүг рүү чиглээд байна. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна гэж үзэхээс өөр арга алга” гэлээ.
Д.Дорж