Нүүрсний хэргийн сонсголд гэрчээр дуудагдсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна.
Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна.
Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар этгээдүүдийн явцуу эрх ашгийг яаж хөндөж буйг би маш сайн мэдэж байна.
Улс төрийн байгууллагаас нутгийн зөвлөл хүртэл, мэргэжлийн зөвлөлөөс найз нөхдийн сонирхлын клубыг хүртэл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзвэл хамааралгүй үлдэх хүн нэн цөөн биз ээ.
Миний бие нүүрсний хулгайн эсрэг тэмцэл, нүүрсний хулгайн сонсгол явуулахыг бүр эхнээс нь тууштай дэмжин зүтгэсээр ирсэн. Харин энэ дунд миний талаар улс төрийн захиалгаар илтэд худал мэдээлэл гаргаж тавьсанд харамсаж байна.
Тиймээс нэр дурдагдсан эдгээр асуудлууд, элдэв гүтгэлэгт огтоос хамааралгүй гэдгийг ард иргэд, журмын нөхдөдөө илэрхийлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа ийнхүү мэдэгдэж байна. Үнэн худал хоёр ус тос шиг ялгарна гэдэгт итгэл төгс байна” гэсэн байна.