Эцэг, эхчүүд ээлжлэн school police хийдэг болсоор хэдэн жилийн нүүр өнгөрчээ. Ач холбогдлын хувьд маргах юмгүй зөв арга хэмжээ. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүдийг автомашины осол аваараас сэргийлэхэд зохих үүргээ гүйцэтгэх байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ухамсаргүй жолооч нар хөдөлгөөн зохицуулж байгаа эцэг, эхчүүдийн үл тоодог үзэгдэл нэмэгдэж байгаа аж. Хүүхдүүд зам хөндлөн гарч явахад зохицуулагч хүмүүс зогсох дохио өгдөг боловч зогсох нь битгий хэл ядаж хурдаа хасдаггүй жолооч нар олон гардаг гэнэ.
“Эмэгтэй жолооч нарыг илүү ухамсартай гэж бодсон чинь ойворгон залуучуудаас дутахгүй ухамсар муутай юм билээ. Дарцаг өргөөд зогсох дохио өгөөд байхад л улам хаазаа нэмээд давхичихдаг. Өөрийнх нь хүүхэдтэй адилхан хөөрхөн амьтад зам гарах гээд зогсч байгааг ойлгож ухамсарлах ёстой” гэж school police хийж байгаа нэгэн эмэгтэй арга ядсан янзтай ярьж байна.
Д.Дорж