Гэр хорооллын айл өрхийн цахилгааныг 21-06 цагийн хооронд тэглэдэг болсоор хэдэн жилийн ард оржээ. Шөнийн цагаар гал бүү түл, цахилгаан халаагуур ашигла гэж зөвшөөрч байгаа хэрэг. Харамсалтай нь ийм арга хэмжээ авлаа гээд агаарын бохирдол буурч байгаа шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, үр дүн багатай зардал гаргаад байна гэсэн үг.
Хамгийн гол нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Үнэнийг ард түмэнд хэлэх цагт болсон” гэж мэдэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон гэсэн үг. Улсын зүрх болсон эрчим хүчний салбар хүнээр бол сэхээний орон дээр гарах шахаж байхад байгаа ганц хоёр станцынхаа ачааллыг нэмэх хэрэг байна уу?
Уул толгодыг бүрхсэн гэр хорооллын оршин суугчид янз бүрийн тэн залгадаг! Стандартгүй, гар хийцийн халаагуураас болж орон гэрээ галдчихсан хүмүүс ч бий. Ингэж хоёрын хооронд арга хэмжээ авч нүглийн нүдийг гурилаар хуурснаас гэр хорооллоо барилгажуулаач! Эсвэл орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг зоригтой зогсоо! Агаарын бохирдол бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гамшигийн хэмжээнд хүрснийг бүгд л хүлээн зөвшөөрсөн биз дээ?
Д.Лхагва