Аливаа улс, ард түмний хувь заяа, оршин тогтнох ирээдүй нь төр засгийн удирдлагын чадамжаас шалтгаалдаг. Сингапур зэрэг хөгжлийн оргилд хүрсэн орнуудын туршлагаас харахад бэлтгэгдсэн өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг нарийн шалгуураар шигшиж, улмаар холбогдох албан тушаалд томилдог юм билээ. Энэ алтан зарчмаа хэзээ ч алдалгүй ирсэн бөгөөд хөгжлийн нууц нь ердөө л үүнд бий. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн гэх манай улсын 30 гаруй жилийн түүхэнд үүнээс огт өөр философи үйлчилж ирсэн болохоор хоцрогдох нь аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл боловсон хүчний бодлого утгаараа алдагдсан. 1990 онд Улаанбаатарын ахуй нөхцөл ямар байсан бэ? Өнөөдөр тэр үеэс дордсон уу гэхээс дээшилсэнгүй. 21 дүгээр зуун гараад 23 жил өнгөрчихөөд байхад ухамсар, соёлын хувьд бид улам дордсоор…Улам увайгүй болсоор…Ичих улаан нүүр ч алга болж. Уг нь он цаг улирах тусам сайн тал руугаа хувьсч өөрчлөгдөх ёстой бус уу? Тэр зүй тогтол манайхыг яагаад тойроод байна вэ? Өнгөрч 33 жилд боловсон хүчний бодлого ямар ч нам, засгийн үед байгаагүй. Өнгө мөнгө, цүнх баригчдын давамгайлал буюу шагналын томилгооны тогтолцоо шувтраагүй цагт Монгол Улс хойшоо л гишгэнэ. Поп улстөр дээр нь “морийг нь эмээллэх” нь гарцаагүй.
Д.Дорж