Тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмэгдүүлсэн арга хэмжээний талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.
-Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Гэхдээ ямар журмаар, ямар зарчмын хүрээнд энэ асуудал шийдэгдэж байна вэ? Таны байр суурийг сонсоё?
-Саяхан УИХ төсвийн тодотгол хийж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэн батлах шийдвэр гаргалаа. Улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөгийн тодотгол хийж тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Монголын ахмадын холбооны хувьд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй ажиллаж, ялангуяа тэтгэвэр боддог итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж ажилласан. Үүний үр дүн өнөөдөр гарч байна. 10 гаруй жилийн өмнө тэтгэвэрт гарсан ажил мэргэжлийн хүн өнөөдөр тэтгэвэрт гарсан, мөн ижил ажил мэргэжлийн хүмүүсээс хол зөрүүтэй тэтгэвэр авч эрх ашиг нь хохирч байгаа тухай томоохон асуудал юм. Үүнийг Засгийн газар маш зоригтой шийдвэрлэсэнд Монголын ахмадууд талархах учиртай. Гол гурван асуудлын хүрээнд би байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал, хоёрдугаарт тэтгэвэр анх тогтоосон цалинг өнөөдрийн цалин хөлсний түвшинд ойртуулсан итгэлцүүрийг шинэчлэн баталж, энэхүү итгэлцүүрээр анх тэтгэвэр тогтоосон цалинг өсгөх замаар адилхан ажил мэргэжлээр ажиллаж байсан өнөөгийн хүмүүстэй ойролцоо тэтгэвэр тогтоож шинэчлэн бодох асуудлыг шийдвэрлэлээ. Гуравдугаарт, ингэж шинэ итгэлцүүрээр тэтгэврийг нэмэгдүүлсний дараа бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ 10 хувь нь инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор авч буй арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, бага, дунд зэргийн тэтгэвэртэй, мөн өндөр тэтгэвэр авч байгаа бүх хүмүүс үнийн өсөлтөнд өртөж байгаа учраас үүнээс хамгаалсан шийдвэр юм. Тодруулбал, тухайн хүний худалдан авах чадвар 10 хувиар буурсан учраас төрөөс зохицуулж тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэсэн үг. 2022 оны 2 дугаар сард тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ үед тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсан шүү дээ. Түүнийг шууд 150 мянгаар өсгөсөн. Ингэж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлсэн нь сайн арга хэмжээ боловч тэтгэврийг тэгшитгэн тогтоосноор 400-500,0 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан хүмүүсийнх нь 60-70,0 мянгаар нэмэгдэж, байхад харин 350,0 мянган төгрөг авч байсан хүмүүсийн тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэж тэтгэврийн зөрүү ч арилгаагүй шударга бус болсоныг ахмадууд шүүмжилж бухимдаж байсан юм. Тэгвэл өнөөдөр эдгээр хүмүүсийн тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн бодсоноор тэтгэвэр авагчдын нэлээд хэсгийн тэтгэврийн зөрүү арилж шударга зарчмаар тэтгэврээ авах бололцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл, олон жил шимтгэл төлсөн, тухайн үедээ өндөр цалингаас тэтгэврээ бодуулсан хүмүүс 500.000, 600.000 төгрөгөөс бага тэтгэвэр авч байсан бол өнөөдөр шинэ итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтоосноор 800.000-1000.000 төгрөгийн тэтгэвэр авах томоохон боломжтой болж байна. Зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тодотгол хийсэн. Тэтгэврийн зөрүүний асуудлыг дахин тавихгүйгээр бүр тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэн тогтоох инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлж байхаар Нийгмийн даатгалын шинэ хуулийн төсөлд тусгаад байна.
-2023 оны 6 дугаар сарын 26-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон МАхХ-ны ерөнхийлөгч таны бие нийслэлийн ахмадуудын төлөөлөл 500 гаруй ахмадуудтай уулзалт зохион байгуулж тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлж, зөрүүг нь арилгах ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл хийж, харилцан ярилцсан. Ахмадууд ямар асуудал хөндсөн бэ?
-Тэтгэврийн доод хэмжээ буюу 500 мянган төгрөг авч байгаа ахмадууд “10 хувиар буюу 50-хан мянган төгрөг нэмэгдэх юм байна. Энэ нь амьжиргаанд нэмэр болохгүй. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 600 мянгаас дээш төгрөг болгох арга хэмжээ аваач” гэсэн санал хэлж байсан. Үүнд тайлбар хэлэхэд тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа хүмүүс байгаа. Цаашдаа ч гарна. Олон жил ажиллаж чадаагүй, тухайн үедээ бага цалин авч байсан үйлчилгээний ажилтнууд, нэгдэл, САА-д ажиллаж байсан хүмүүс болон мал маллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа хүмүүс буюу улсын дундаж цалингаас бага цалин авч байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн бага цалингаас нь тэтгэвэр бодохоор 500 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэр тогтоогдоно гэсэн үг. Ийм хүмүүст бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг олгоно гэсэн үг. Яагаад ийм болж байна вэ гэхээр бага цалин авч байсан, цөөн жил ажилласан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ доод хэмжээгээр зохицуулагдаж шийдэгдэх ёстой. Доод хэмжээг бага, багаар нэмээд амьжиргааных нь баталгааг хангах ийм бодлого хэрэгжүүлнэ. Тэтгэврийн доод хэмжээг 600,0-700,0 мянга болговол шударга бус хуваарилалтын тухай асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ өндөр цалин авч их хэмжээний шимтгэл төлсөн, 40-50 жил ажилласан хүмүүс тэтгэврээ итгэлцүүрээр бодуулаад боломжийн тэтгэвэр авах нь зүй ёсны шударга зарчимд нийцнэ. Цөөн жил ажилласан хүмүүс олон жил ажилласан хүмүүстэй адилтгаж өндөр тэтгэвэр авна гэдэг бол дээд, доод тэтгэврийн харьцаа алдагдаж олон жил ажилласан хүмүүс бага тэтгэвэр авах, цөөн жил ажилласан хүмүүс өндөр тэтгэвэр авах тэтгэвэр хоорондын зохисгүй харьцаа үүсч шударга бус хуваарилалт үүсэх учраас ахмадууд зөв ойлгох хэрэгтэй. 2022 онд доод тэтгэврийг сард 150.000 төгрөгөөр огцом нэмсэн, одоогийн 50.000 төгрөгийг оролцуулбал жил гаруйхан хугацаанд тэтгэврийн доод хэмжээг 200.000 төгрөгөөр нэмлээ шүү дээ. Энэ бага мөнгө биш гэдгийг олон ахмадууд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль гарсан нь тухайн иргэндээ ашигтай арга хэмжээ боловч 30, 40, 50 жил жигд тогтвортой цалинтай ажилласан хүмүүст сөргөөр нөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, 12 орчим жилээр нөхөн даатгал хийлгээд өмнө нь 10 гаруй жил ажилласан жилээ оролцуулан 20 жилээр бүрэн тэтгэвэрт гарч 30, 40, 50 жил ажилласан хүмүүстэй адилхан 500,0 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа шударга бус асуудалд ахмадууд бухимдлаа илэрхийлж байсан юм. Ийнхүү 12 жилээр нөхөн даатгал хийлгэсэн хүмүүс авсан цалин хөлс байхгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоогдох нь зүйн хэрэг. Харин олон жил ажилласан, өндөр цалин авч байсан хүмүүс яг авч байсан цалингийнхаа үр дүнгээр өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга зарчим цаашдаа ч байх ёстой. Төлсөн шимтгэл, ажилласан жил нь тэтгэврийг шударгаар тогтоох үндсэн шалгуур бөгөөд олон улсад тогтсон зарчим юм.
Д.Лхагва