“Хүний өмнөөс өвдсөн юм уу”, “Хүний өмнөөс өтөлсөн юм уу”, “Хүний өмнөөс хүүхэд гаргасан юм уу”, “Хүний өмнөөс зовж яваа юу, чи” гэх мэт зүдэрч яваа хэн нэгнийг буруутгадаг үзэл бодолтой хүмүүст би маш дургүй. Амьдрал л болсон хойно бүхий л юмс үзэгдэл өдөр шөнө шиг ялгаатай, бас ээлжтэй. Ядарсан нэгэндээ туслах нь хүний ёс. Ядуурлын эсрэг арга хэмжээ авч. нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн бодлого асар өндөр түвшинд хөгжсөн хэвээр байна. Франц, Нидерланд, ХБНГУ, Швед, Дани, Норвеги, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнууд ажилгүй, амьжирааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хэсэг бүлгээ төрийн анхаарлын гадна орхидоггүй уламжлалаа одоо ч хатуу хадгалсаар байна. Хүн төвтэй нийгэм учраас хүнээ дээдэлсэн, хамгаалсан бодлогоос хэзээ ч татгалзахгүй нь мэдээж.
Намайг бага байхад пионерын гишүүд санаачлагаараа бүлэг байгуулж харж хандах хүн муутай хөгшчүүдийн гэр орон, хашаа хороог нь цэвэрлэж, усыг нь зөөж, түлээг нь хагалж өгдөг байлаа. Тэр үед нөхдөөсөө хөндийрч, хар амиа хичээж сайн үйлсийн ард нууддаг байсан хүүхдүүд өнөөдөр “бусдын өмнөөс өвдөж зовж, өлсч цангаа юучууд” болчихсон нь маргаангүй л дээ.
Коронавирусын хөл хорионы үед захын хорооллуудад түлэх түлш, идэх хоолгүй айл цөөнгүй байсан бөгөөд онцгой штабаас тэдэнд түлш, ойр зуурын хүнс хүргэж өгсөн юм билээ. Амиа бодогчдын хувьд тийм айл өрийг тэр чигт нь хаях ёстой байсан юм байна л даа! Нийгмийн ороо бусгаа, тэгш бус байдал гүнзгийрсээр байгаа ийм хүнд хэцүү үед “Чадалтай нь үлд, чадалгүй нь үх” гээд орхих нь хүмүүнлэг ёсонд нийцэх үү?
Телевизээр гарсан гурвын гурван хүүхэдтэй, ажлын чадваргүй өрх толгойлсон эмэгтэйг “Бусдын өмнөөс чи хүүхэд гаргаа юу, өвдөө юу? гэж загнах нь зөв гэж үү? Нөхрөө цаг бусаар өнгөрөх, өөрт нь өвчин ирэхийг тэр эмэгтэй урьдчилж мэдсэн байх уу?
“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэдэг чинь зөвхөн социализмд хамаатай уриа биш бүх цаг үед үнэ цэнэтэй хүний нийгмийн агуу философи биз дээ?
Д.Лхагва