Өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга хэмээн зарлаж, мэдэгдэл хийсээр явна. Гэтэл Х.Баттулгын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр АН-ын нэхэмжлэлтэй, Улсын Дээд шүүх хариуцагчтай шийдвэр гарлаа. Тодруулбал АН-ын зүгээс Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан нь цаасан мэдээлэлтэйгээ зөрүүтэй байна гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд, цахим мэдээлэл цаасан дээрхтэйгээ нийцэх ёстой, тэр дундаа С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан УДШ-ийн шийдвэрийг Улсын Бүртгэлийн гэрчилгээн дээр бичихээр шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүх өөрөө С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Гэтэл хамгийн сүүлд бүртгэгдсэн дарга нь С.Эрдэнэ байна гэдэг Улсын бүртгэлийн гэрчилгээ яваад байсан. Уг нь бол түүнээс хойш маш олон шийдвэр гарч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан, Ц.Тувааныг бүртгээд, Ц.Тувааныг хаслаа ч гэдэг юм уу? маш олон шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдийг цахим мэдээллийн сан руу ороод харахад нээлттэй байсан. Гэвч цаастайгаа зөрж байсан. Одоо гэрчилгээн дээр С.Эрдэнийг намын дарга биш гэдгийг бичээд өгчихнө. Ингээд бүх асуудал шийдэгдэж байна. АН-ын гишүүддээ хэлэхэд С.Эрдэнэ ингэж яваад 2024 онд сонгуульд орно гэдэг асуудал байхгүй болж байгаа шүү” хэмээн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Түүний ярьснаар бол Дээд шүүхэд “С.Эрдэнэ бол АН-ын дарга мөн” гэсэн бүртгэл байхгүй болж таарч байгаа юм.
“Түүх” сөхвөл 2021 оны 3 дугаар сарын 27-нд цахим хэлбэрээр явагдсан АН-ын даргыг сонсгох сонгуульд М.Тулгат гэдэг бизнесмэн залуу ялалт байгуулсан санагдах юм. Хачирхалтай нь тэрхүү цахим сонгуультай зэрэгцэн явагдсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл олонхийн санал авсан гэж байгаа. М.Тулгат тухайн үед С.Эрдэнэ /Ц.Элбэгдорж/-ийн талаас нэр дэвшин ялалт байгуулсан бол О.Цогтгэрэлийг Х.Баттулгын АН түлхсэн гэсэн үг л дээ.
Тус нам доторх бас нэгэн сонирхолтой үйл явцаас жишээ татахад 2022 оны 4 дүгээр сарын 4-нд АН-ын даргыг тодруулах санал хураалт бүх орон даяар болж цорын ганц нэр дэвшигч болох Х.Баттулга 96 хувийн саналаар ялалт байгуулж билээ. Гэвч Дээд шүүх мөн л бүртгэхээс татгалзсан. Ямартай ч С.Эрдэнэ, М.Тулгат, О.Цогтгэрэл, Х.Баттулга нарын хэнийг ч Дээд шүүх бүртгэж чадахгүй байна. Намын даргагүй “нам” оршсоор байгаа нь хачирхалтай.
Д.Лхагва