Монгол бол ардчилсан улс. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэнд ч бий. Энэ утгаараа нэгэн иргэний байр суурийг хүргэе.
Иргэн бүр үзэл бодлоо илэрхийлж байхад энэ улсын иргэний хувьд би ч бас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж үгээ хэлэх нь зөв гэж бодлоо.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг дэмжиж байна. Өндөр албан тушаалтнуудын улсын хөрөнгийг завшсан асуудалтай тэмцэх ёстой. Улсыг хохиролгүй болгох ёстой. Түүнээс гадна авлигаас дутуугүй нийгэмд хохирол учруулаад байдаг ухамсар дорой, хариуцлагагүй, адал балмад этгээдүүдтэй ч тэмцэх ёстой шүү дээ. Миний хүүхэд 5 удаа утсаа алдсан. Дандаа автобусанд. Сургуулийн хүүхдийн тарах цагаар хулгайч нарын ажил эхэлдэг юм билээ. Мөн орцонд архи ууж, тамхи татаж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг адгийн амьтад жагсаалын далбаан дор оодорч байна. Манай 9 давхарт нэг этгээд байнга тамхи татдаг. Тэр давхарт дөнгөж төрсөн хоёр нярай хүүхэд байдаг. Өндөр настай хүмүүс ч олон. Тэдний эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаа огт тоодоггүй. Шаардлага тавихаар хууль дүрэм зөрчиж байгаагаа огтхон ч ойлгодоггүй.
Бас хотхоны чиптэй хаалтыг байнга мөргөж хугалдаг нийгэмшээгүй оркууд их байх юмаа! Ардчилал гэдэг чинь дур дураараа авирлахын нэр биш ш дээ!
Бас нэг бухимдуулдаг үзэгдэл бол хотжоогүй жолооч нар иргэдийн амь насыг маш их эрсдэлд оруулж, байнга заналхийлж байна. Өдрийн цагаар гарцан дээр хүмүүс ногоон гэрлээрээ гарч байхад зогсдоггүй балмад этгээдүүд шөнө орой гэрлэн дохион дээр бүр зогсдоггүй гэсэн. Явган хүний гэрэл асч, хүмүүс гарцаараа гарах гэж яваад маш их осолд орж хохирч байна! Тээврийн цагдаагийн албаныхан камераа шүүж бусдын амь насанд санаатай заналхийлсэн тэр этгээдүүдэд хатуу хариуцлага тооцоочээ! Ялангуяа хүүхдүүд хээр хөдөө явж байгаа юм шиг авирладаг, дүрэмгүй жолооч нарын гайгаар амь нас, эрүүл мэндээрээ мөн ч их хохирч байна даа! Сагсуурч хурд хэтрүүлж яваад осол хийчихээд, өөрийнхөө бурууг хүлээх нь бүү хэл хохирсон хүнд халддаг жолооч нэр зүүсэн бүдүүлгийн туйлуудыг болж өгвөл нийслэлээс хөөж гаргамаар байна.
Нэг эргүү орк цонхоороо сүүжний яс шидээд хүүхдийн толгой хагалахыг өнгөрөгч зун харж л байлаа. Хаа тааралдсан газраа нус, цэрээ хаядаг, нийтийн эзэмшлийн хайс, хашаа саравч, цэцэрлэгийг эвдэн сүйтгэж тухайн орчинд гай тарьж явдаг усан толгойтнуудыг даврааж хэрхэвч болохгүй!
Бусдын эрх ашгаар өөрийн эрх чөлөө хязгаарлагдана гэдгийг мэддэггүй, мэддэг ч үл тоодог нийгмийн дайснууд өнөөдөр хүний эрх яриад жагсч байна. Хууль ёс ярихаар эгдүүцдэг, ёс зүй, хүн чанарын шаардлага тавихаар хүлээж авдаггүй, хууль дүрэмгүй дураараа авирлах гэсэн тэр этгээдүүдтэй өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө хатуу тэмцье. Бүү давраа! (БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн С.Намжилмаа)