Анхны хэлмэгдүүлэлт:
Ардчиллын алтан хараацай гэж өөрийгөө өргөмжилдөг, МУ-ын Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллахдаа ардчилсан Ерөнхийлөгч гэж өөрийгөө магтдаг байсан Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн, ардчилал эхэлж байх тэр үед “Коммунист-фашист хоёр” гэдэг өгүүлэл сонинд бичиж МАН /МАХН/-ын гишүүдийг коммунист гэдэгт нь хамруулж тэднийг фашистууд шиг алуурчид гэж үзэл бодлын хувьд хэлмэгдүүлсэн.
Тэр үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан үндсэн хуульд үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалт байж л байсан.
Тэр МАН /МАХН/ -ын гишүүд дотор хүн алах байтугай, идэшний малаа алж идэж чаддаггүй хүн ихэнх нь байсан. Олон мянган ахмад гишүүд энэ хэлмэгдүүлэлтэд өртөж хэлмэгдсэн боловч би ингэж хэлмэгдлээ гэж гомдоогүй, тоогоогүй. Ц.Элбэгдорж уучлалт гуйх ёстой юм.
Хоёрдугаар хэлмэгдүүлэлт:
Монгол оронд комментерний нөлөөгөөр явагдсан 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийг бас л МАН /МАХН/-ын гишүүд удирдан зохион байгуулж явуулсан гэж АН-ын үе үеийн удирдлагууд удаа дараалан мэдэгдэл хийж сонгуулийн сурталчилгаанд удаа дараалан ашиглаж, тэр үед төрөө ч үгүй байсан гишүүдийг хамруулан хэлмэгдүүлсэн.
Үүнийг мэдсээр байж АН-ын шахалтаар МАН /МАХН/-ын удирдлагууд ард түмнээсээ уучлалт гуйсан нь буруу байсан гэж үздэг олон хүний нэг нь би байна. Харин Ардчилсан намын удирдлагууд ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.
Гуравдугаар хэлмэгдүүлэлт:
Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар гээч хуурамч цаасыг Монголын иргэн бүрд тараасан. Нийт үнэ нь 10000 төгрөг. 3000 нь бэлэн мөнгөний ягаан тасалбар, 7000 нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрхийн цэнхэр тасалбар. Ягаан тасалбараа тэр дор нь идээд дууссан. Цэнхэр тасалбарын учрыг ололгүй хэнд ч хэрэггүй цаас болоод ихэнх нь үрэгдсэн.
Бүх хүнийг ижил гараанаас эхлүүлнэ гэдэг нэрийн дор дөнгөж төрсөн хүүхэд эх орон ард түмнийхээ төлөө 40-50 жил ажилласан ахмад настан хоёрт яг ижилхэн 10000 төгрөгийн тасалбар олгосон явдал нь ахмадуудын хөдөлмөрийг үнэлээгүй, тэднийг хэлмэгдүүлсэн хэрэг болсон юм. Хэрэв хийсний нь хирээр хуваарилсан бол ахмадууд бид өнөөдөр тэтгэврээ хүргэж ядсан гундуухан амьдралтай хүмүүс байх ёсгүй байсан юм.
Энэ ажлыг ардчиллын нэр барьсан, барууны тэжээврүүд хөрөнгөтний заавраар зориуд зохион байгуулсан бөгөөд эх орон, ард түмнийхээ төлөө юу ч хийж бүтээгээгүй ардчилагчид нэртэй хулгайч луйварчид, ахмадууд бидний хийж бүтээснийг хувьчлал нэрээр хувааж авчихаад хөлгүй баян тэрбумтнууд болчихсон байгаагаас харж болно.
Дөрөвдүгээр хэлмэгдүүлэлт:
1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үед төр засаг тогтворгүй, төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар халах явдал хавтгайрсан юм. Тэр үед хэлмэгдсэн бүх хүн өнөөдөр ахмад настан болсон байна.
Дөрвөн жилд 4 удаа засгийн газраа өөрсдөө огцруулж, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд бүгд яамны сайд хийх дамжаанд суралцсаныг ахмадууд бид мартаагүй.
Дөрвөн жилийн эцэст ахмад настнууд бидэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тэтгэвэр, тэтгэмжийг тавьж чадахгүй болтол эдийн засгийг дампууруулаад зайлж билээ.
Ард түмэн 2000 оны сонгуулиар дүнг нь сайхан тавьсан даа. Ардчилсан намаас ганцхан хүн УИХ-д сонгогдсон.
Тавдугаар хэлмэгдүүлэлт:
2012-2016 онд Ардчилсан нам засгийн эрх барих хугацаандаа Чингис, Самурай фонд гэх мэт баахан өр тавьж түүнийгээ үнэ тогтворжуулах хөтөлбөр, гудамж төсөл зэрэг төсөл хөтөлбөрийн нэрээр хувааж идээд дууссан. Одоо тэр өрийг төлөх гэж сүүлийн 8 жилд төсөв хүрэлцэхгүй тэтгэвэр нэмэх бололцоогүй болоод байна.
АН-ын Засгийн газар 4 жилийн төгсгөлд дараагийн сонгуульд ялах зорилгоор 18-с дээш насны бүх сонгогчдод 1072 хувьцаа, ахмад настанд 1 сая төгрөг тараасан юм.
Ахмад настнууд нэг сая төгрөг авснаар хувьцаа эзэмших эрхгүй болж хэлмэгдсэн юм.
1072 хувьцаа хэдэн сая төгрөг болж өсөхийг одоо хэн ч хэлж мэдэхгүй. 10 сая болж өслөө гэхэд ахмадуудад 9 сая төгрөг нөхөж өгөх үү. Тэр үед ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг бидний өрийг дараа үе төлнө гэсэн ёсоор болсон. Гай тарьсан Н.Алтанхуяг гавьяа байгуулсан гэж яриад сууж байгааг харахаар түүнийг сонгосон Эрдэнэтийнхэд гомдмоор ч юм шиг санагддаг.
Зургаадугаар хэлмэгдүүлэлт:
Ардчилсан үндсэн хууль батлагдаад, бага хурлын даргаар Р.Гончигдорж ажиллаж байх үед олон хүүхэдтэй эхийг тэтгэвэрт гаргаж баахан эхчүүдийг хэлмэгдүүлсэн. Тэд одоо бүгд ахмад настнууд болсон ба зарим нь бурхны оронд явсан. Энэ бол ардчиллынхныг ажилтай болгохын тулд хийсэн хэлмэгдүүлэлт.
Долоодугаар хэлмэгдүүлэлт:
Тэтгэврийн зөрүүг арилгах бололцоо 2012-2016 онд бүрэн байсан. Хөрөнгө мөнгө ч хүрэлцээтэй байсан.
Энэ үед Чөлөөт ахмадын холбоо гэж байгууллагыг бий болгож ахмад настанд зориулагдах хөрөнгө мөнгийг хэсэг бүлэг хүмүүс хүртчихсэн.
Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч болоод Г.Баасанг Авлигатай тэмцэх газарт Олон нийтийн зөвлөлийн дарга болгож дэвшүүлэн дөрвөн жил ажиллуулж бас дахин шагнасан. Ахмад настныг хэлмэгдүүлсэн хүнийг ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн. Ивээн тэтгэж байсны жишээ энэ юм. Ер нь бол Ахмадын байгууллага улс төрждөг байгууллага биш юмаа.
Наймдугаар хэлмэгдүүлэлт:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшиж 8 жил Ерөнхийлөгчөөр ажилласан. Нэр дэвшээд ухуулга хийж явахдаа овоо тахидаггүй, одон тараадаггүй Ерөнхийлөгч болно гээд Н.Энхбаярыг шүүмжлээд явж байсан хүн. Ажлаа аваад хамгийн их олон удаа овоо тахисан, одон медалийг цүнх цүнхээр ажил хийгээгүй, ардчилагч нэртэй ажилтай ажилгүй хүмүүст тарааж шагналын нэр хүндийг навс унагааснаас гадна хийдгээ хийсэн ахмад настныг шагнаж урамшуулахгүй гацааж хэлмэгдүүлсэн.
С.Зоригийн хэрэгт шалгагдаж явсан Э.Бат-Үүлийг Улсын баатар, шоронд ороод гарсан Энхбаатар гэгчийг бригадын генерал цолоор шагнаж БХЯ-нд өндөр албан тушаалд томилон ард түмний жигшил зэвүүцлийг хүргэн ахмад настан гавьяа зүтгэлтэй хүмүүсийг гутаан доромжилж хэлмэгдүүлж байлаа.
Дараа нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр 4 жил ажилласан Х.Баттулга үлдсэн одон медалиудыг нь бүгдийг 100% тарааж дуусаад үлдсэн ганц Улсын баатрын одонг ажил нь сөнөсөн Ардчилсан холбооны туган дээр зүүгээд дашийн шог болгов.
Есдүгээр хэлмэгдүүлэлт:
МАН /МАХН/-ын 25-р их хурал хуралдаж байсан тэр үед Ц.Элбэгдорж радио телевизээр энд 1127 авлигач хуралдаж байна гэж ярьж билээ. Энэ төлөөлөгчдийн 25% нь ахмад настан байв.
Энэ үгийг сонсоод МУ-ын Ерөнхий сайд асан П.Жасрай гуай МАХН-ын Төв хорооны хэлтсийн даргаар ажиллаж байсан Далайхүүд яриад өлгүүрт хувцсаа өгөх гэж байхдаа ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэж нас барсан.
Ц.Элбэгдорж 8 жил төрийн толгойд байх хугацаандаа энэ 1127 хүнээс ганц хүнийг ч авлигач гэдгийг нотолж хэргийг нь хүлээлгэсэнгүй, энэ нь төлөөлөгч 1127 хүнийг гүтгэж хэлмэгдүүлсэн гэсэн үг.
Ахмад настнуудыг ингэж гүтгэх хэлмэгдүүлсэн байдал нь хүүхэд залуучууд ахмад үеийн байгуулсан алдар гавьяа, хөдөлмөр бүтээлээр бахархаж даган дуурайж ажиллаж амьдрах биш үзэн ядах үзлээр хүмүүжүүлж байгаагаас өөр зүйл биш юм.
Ахмад настнууд бид хулгай луйвар гэгчийг мэддэггүй, эх орон ард түмнийхээ төлөө амь нас, эрүүл мэндээ зориулж, үр ач зээдээ амьд бурхан нь болсон хүмүүс байдгийг түүх гэрчилнэ.
Аравдугаар хэлмэгдүүлэлт:
Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж өнгөрсөн үеэ хэлмэгдүүлэв. Дуу гаргаад дуулж байгаа нь инээдэмтэй.
Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдгийг мэддэггүй, өчүүхэн амьтад гэдгээ харуулав.
Эдгээр хэлмэгдүүлэлтийн дараагаар 2016 онд МАН сонгуулиар ялалт байгуулж засгийн газраа дангаараа байгуулав. 2017 онд түүхэнд анх удаа “Ахмад настны тухай” хууль гаргаж ахмадууд бидний сэтгэл зүрхэнд нар мандуулав.
Энэ хуулийн мөрөөр засгийн газрын тогтоол гаргаж бүх ААН байгууллагууд төсвийнхөө 3 хувь хүртэлх хувиар ахмадын сан байгуулж, ахмад настны нийгмийн асуудлыг шийдэж байх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр болов.
Уул нь хэний хүчээр энэ Монгол орон хил хязгаартайгаа үлдэв, хэний хүчээр олон нам байгуулж хоорондоо хэрэлдэх эрхтэй болов гэдгээ ойлгодог мэддэг хүн болгон ахмадаа дээдэлж хүндэтгэж, бурханчлан шүтэж байх учиртай. Харамсалтай нь хуулийн энэ заалтыг хэрэгжүүлдэг байгууллага аж ахуйн нэгж тун цөөхөн байна.
Ер нь Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг УИХ-с, засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулж шалган туслах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Айл гэр алтан төрийн амьд тулгуур
Алаг үрс ач зээгийн амьд бурхан
Ажил төрөл амжилт бүтээлийн амьд архив
Ахмад настан ачтан буурлуудаа
Амьд байгаа дээр нь хайрлан хүндэтгэж халамжлан тэтгэцгээе
ХУД-ИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА, ХУД-ИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБООНЫ ДАРГА, СОНГОГЧ АРД ИРГЭДИЙН НЭГДЭЛ НҮТББ-ЫН ТЭРГҮҮН, ШУТИС-ЫН ХҮНДЭТ ПРОФЕССОР, ЁСТГОЙХОН ОВОГТ ДАРЖААГИЙН СОВДОО
2022 оны 10 сарын 16