“Халамж хавтгайрлаа. Бүх халамжийг зогсоо” гэдэг уриалга сүүлийн үед газар авах боллоо. Үнэхээр айл өрх бүр ажил хийх шаардлагагүй болтлоо халамж хүртэж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Хүүхдийн 100.000, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр олгодог цөөхөн хэдэн төгрөгийг халамж гэж үзвэл дэндүү өрөөсгөл бус уу? Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхөд хүнсний талон олгож байгааг хавтгайрсан халамж гэж үзэх нь зөв үү? Улсад насаараа зүтгэж зүтгэж тэтгэвэрт гарсан хэдэн хөгшчдүүдэд автобусаар хөнгөлөлттэй үнээр зорчих эрх эдлүүлж байгаад буруу нь юу байгаа юм бэ? Орлогогүй, ээж, аавынхаа олсон хэдээр өмнөхөө болгох гэж хичээж яваа хэдэн оюутнуудыг автобусны мөнгөөр чангалаад хэрэг байна уу? Тэглээ гээд энэ улс дампуурах уу?
“Халамжаас хөдөлмөрт” гэдэг зорилт дэвшүүлсэн нь зөв л дөө. Гэхдээ яг өнөөдрийн хувьд хаана байна вэ, тэр олон ажлын байр чинь? Хөдөлмөрийн чадваргүй иргэдийг хөсөр хая гэж байгаа юм уу? Олон хүүхэдтэй, бие муутай эхийг төр л харж үзэхгүй бол хэнд даатгах юм? Халамж бус нийгмийн хамгааллын бодлого гэж л ойлгож, дэмжих хэрэгтэй баймаар. “Чадалтай нь үлд, чадалгүй нь үх” гэдэг харгис үзэл онол зэрлэг капитализмдаа үлдсэн шүү! Монгол шиг ийм цөөхөн хүн амтай улс нийгмийн баримжаагаа алдвал юу болох вэ? Хөгшин, залуу, хөгжлийн бэрхшээлтэй нь хамаагүй, бүгд автобусанд мөнгө төлье, бүх төрлийн халамжийг зогсооё гэж хашгираад байгаа хүмүүс цатгалан хүн ходоод хоосон хүний зовлонг ойлгодоггүй гэдэг үгийг сонссон л баймаар.
Хөгжингүй орнуудад, тухайлбал, баруун Европ, Скандинавын орнуудад нийгмийн хамгааллын бодлого хүчтэй байдаг нь ард түмнээ, улсынхаа ирээдүйг л бодсон алсын хараатай бодлого биз ээ. Хүүхдийнхээ мөнгөөр архиддаг эцэг, эхчүүдийн статистик байна уу? Монгол Улсад хүн хэрэгтэй!
Д.Лхагва