Ердөө хоёрхон сарын дараа Монголд анхны улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Хүний амьдралын хэмнэлээр тооцход тэртээ 1921 онд төрсөн хүүхэд өдгөө100 насыг зооглосон ахмад буурал болж, туулж өнгөрүүлсэн амьдрал нь судрын дайны баялаг түүхийн эзэн болох нь дамжиггүй. Үүн лугаа адил Монгол Улсын нэгэн зуун жилийн түүх, монголчуудын нэгэн зуун жилийн оршихуйг бүтээлцсэн улс төрийн намын үйл хэрэг нь гавьяа, ял хоёрын нар сүүдрийг татуулан эдүгээг хүрлээ. Гэхдээ энэ удаа төрийн эрхийг дангаараа шахам атгаж байсан намынхаа Монгол Улсыг өнөө хэрийн хөгжил, цэцэглэлтэд хүргэхэд явуулсан бодлого, үйл хэргийн алдаа, онооны тухай дэнслэх гэсэнгүй. Угаас гэрэл хурц байх тусам сүүдэр төдий чинээ их байдаг хойно. Цаг хугацаа, түүхийн шүүлтэд орхих нь зүйн хэрэг. Миний хувьд намын маань өмнө зурайх шинэ 100 жил, шинэ хандлага, шинэ нүүдэл, залуу үе ямар байх вэ гэдэгт сэтгэлээ чилээж явдаг. Монгочууд бид эвтэй байх үедээ хүчтэй явдаг нь өнгөрсөн 800 гаруй жилийн буурал түүх бэлхнээ гэрчилдэг. Бас чиг явцуу эрх мэдэл, тулга тойрсон улс төр монголчуудыг 44 хувааж, хэр удаан “тэсэхээ” үл мэдэн хаан ширээний төлөө тэмцэлдсэн бага хаадын гашуун түүхээс эхлээд хүний өөрийннам гэлгүй Засгийн газраа унагааж тоглодог эвдрэлийн ард Монгол Улс л сулран доройтсоор, ард түмэн нь туйлдан ядарсаар ирсэн. Ууган нам улс төрийн өрөг дээрх дараагийн шинэ нүүдлээ үүх, түүх нэгтэй МАН, МАХН хамтрахаас эхлүүлж байгаад талархаж байна. Хожуудсан болов ч ийм шийдэлд хүрсэнд нь талархана. Гарал, үүсэл нэгтэй энэ намуудыг анх хуваагдан, салан тусгаарлаж байхад л зарчмын хувьд хамгийн буруу нүүдэл гэсэн хатуу байр суурьтай байсан юм. Учир нь МАН, МАХН-ын бутрал, салалт бол ерөөсөө л улс төрийн өрөг дээрх цөөн хэдэн хүний хожоо харсан, өс хонзон өвөрлөсөн шийдэл байснаас биш үзэл бодол, үйл хэргийн зөрчилдөөнөөс үүдэлтэйнамын гишүүдийн дотоод бутрал хагарал байгаагүй гэдгийг МАН, МАХН-д аль алинд нь зүтгэж явсан хүний хувьд хаана ч би хэлнэ. Үг, үйлдлийг минь гэрчлэх ярилцлагууд маань тухайн үеийн сонин, хэвлэлүүдэд баримт болон нэгэнт үлджээ.Тиймдээ ч би намуудын нэгдлийн төлөө анхнаасаа баттай зогсож, эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харсан улс төрийн хүчнүүдийг эвлэрлийн ширээнд суулгах гэж нэгэн биеэ үлхайрлан, эрх мэдэл, албан тушаал, хувийн эрх ашгаа нам, улсын эрх ашгаас дээгүүр тавигчид, өөрсдөдөө болон тойрон хүрээлэгч нараараа хана хэрэм, зааг ялгааг босгогч овмэхт, олиггүй тойрон хүрээлэгч нарын увайгүй гүтгэлэг, гүжирдлэгийг үл тоон зүтгэж явсандаа одоо ч сэтгэл хангалуун байдаг.Энэ бүхэн тэртээд өнгөрсөн 2008 оны сонгуулиас эхлэлтэй.МАН, МАХН болж салбарлаагүй байсан 2008 он гэхээр гайхаж байж мэдэх юм. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 45, АН 28, Иргэний эвсэл 1, Иргэний зориг нам 1, бие даагч 1 сонгогдон парламентыг бүрдүүлж байв. Тухайн үед МАХН дангаараа Засгийн эрхийг бүрдүүлэх боломж бүрэн байсан ч Үндсэн хууль зөрчин ард түмний сонголтыг хөсөрдүүлсэн, тэднийг үл ойшоож доромжилсон ёс зүйгүй, бусармаг үйл ажиллагааг хийж, АН-тай хамтран Стандарт бус Засгийн газар байгуулсан түүхтэй. Тухайн үед миний бие болон Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гишүүн нар хууль бус, увайгүй энэ үйлдлийг эсэргүүцэж, шүүмжилсэн байр суурь баримталж байв. Гэвч С.Баяр биеэ тоох нь дэндэж, цөөнхийг үл хэрэгсэж, өөртөө эрдэж Стандарт бус Засгийн газар байгуулах тухай саналаа хэнтэй ч хуваалцалгүй шийдвэрлэсэн гэж өөрөө хэлж байлаа. “Эзэн хаандаа элбэдүүлэх нь зуурын ёс биш зусрын ёс” гэдэг шиг бүгд л морь унасан толгойгүй хүн шиг даган баясах нь зэвүүн бөгөөд эмгэнэлтэй байлаа. Үүнийг түүх гэрчилнэ. Энэхүү Стандарт бус шийдвэрийн цаана олон зүйл нуугдаж байсан нь хожим бага багаар ил болсоор…Тухайлбал: Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2008 оны 07 дугаар сарын 01-ний үймээний үйл явдалд нийгмийн дэг журам сахиулах байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан хүний хувьд олон зүйлийг мэдээд, гайхаж билээ. Тиймдээ ч энэ тухайгаа “ЗААГ” номондоо тодорхой бичиж оруулсан. Стандарт бус олон шийдлийн нэг нь намын нэр өөрчлөх явдал байв. 2008 оны сонгуулиар нам ялагдал хүлээсэн бол социализмын үеийн нэршлийг өөрчилнө гэж “дүвчигнэж” болох. Гэтэл эсрэгээрээ үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрхийг атгаж байхдаа нэрээ солих аян өрнүүлсэн нь этгээд сонин байсан юм. Тухайн үед нөхцөл байдлыг дүгнэж, үнэнийгхэлж шүүмжилсэн олон ч хүнийг намын ёс зүйн хороогоор оруулсан даа. Тэр ч байтугай дээд удирдлагаасаа чиглэл авч яг улаан хамгаалагч нар шиг өөрийн намын УИХ-ын гишүүн бид хэдэн хүний эсрэг зориуд зохион байгуулалт хийж, зургуудыг маань дэвсэлж уриа лоозон барин, поошиг нүдэн Сүхбаатарын талбай дээр сүрт жагсаал хийсэн ч удаатай. Ёстой л “Хаан нүцгэн байна” гэж хэлснийхээ төлөө хариуцлага хүлээх дээрээ тулсан юм. Үйл явдлын учгийн нэг гол сэдэв нь Н.Энхбаярыг нухчин дарах, түүнийг улс төрөөс үлдэн хөөх ажиллагаа байсан юм. “…Тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өрөөндөө намайг дуудав. МАХН руу л явж Н.Энхбаяртай нийлж болохгүй шүү гэхийн завсраа нэгэн үе бид хоёр хэрхэн нөхөрлөж, хамтран тэмцэж, ах дүү хоёр шиг ижилдэж явсан сайхан дурсамжуудаасаа чин сэтгэлээсээ ярьж, санал бодлоо хувцаалцав. Энэ үед би … Н.Энхбаяр гэж хүнээс манайхан зугтацгааж байна. Хүний мөн чанарын хувьд ч тэр, нэг нөхрийнхөө зүдэрч явахад тулж түших ёстойн хувьд ч тэр, тийшээгээ очдог юм билүү гэж эргэцүүлэн бодох боллоо. МАН,МАХН-ыг эсрэг тэсрэг байр суурьтай, бие биенээ үзэн ядсан нам биш, ямар ч зүйлээ нүүр нүүрээ хараад ярьж чаддаг, шийдэж чаддаг байгаасай гэж боддог. Цааш цаашдаахамтран ажиллаж, эвлэн нэгдэж ажиллаасай гэж боддог” хэмээн бодсоноо шулуухан хэлчихэж билээ. Гэвч сэтгэлийн мухар дахь дотор хүн маань хоёр намыг нэгдүүлэхийг шаардаж байхад зүгээр суухыг үл тэвчсэн юм. Намын талцал, хуваагдал юунд хүргэдгийг 2012 оны сонгууль бэлхнээ харуулсан даа. Тиймдээ ч 2016 онд хоёр нам нэгдэх Ажлын хэсгийг ажиллахад, багагүй хүчин чармайлт тавьсан ч өнөөх л улс төрийн нөхцөл байдлаас харилцан биебиенээ хардаж, хүлээн зөвшөөрөхгүй, өс хонзон санагч, үзэн ядагч нараас шалтгаалж нэгдэж чадаагүй юм. Одоо харин эдгээр хүмүүс өөрсдийн явцуу эрх ашгаасаа татгалзаж хамтран ажиллана гэж итгэе. Харамсалтай нь зөвхөн би биш намын мянга мянган журмын нөхөд маань МАН, МАХН хоёр үсэрсэн цус, тасарсан мах гэдэгт дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, нэгдэж, нягтрахад сөрөх сэтгэл үгүйгээ илтгэн, битүү хүлээлттэй байсан. Одоо ч ийм байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин эвлэж, нийлсэн шаазгай буга барьсан үлгэр ч бий. Хэдийгээр хоёр нам нэгдэх биш хамтрах болж байгааг Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон хожоо харсан нүүдэл гэх нь бий. Харин миний хувьд үүнийг цаашдынх нь эвлэрлийн үүд нээгдэх жим гарч байна уу хэмээн тунгаан сууна. Мэдээж нэгэн цул нам болоход эхлээд цаасан дээрх намын гэрчилгээ, батлагааг өөрчлөхөөс эхлээд цаг хугацаа шаардсан ажил бишгүй. Нөгөөтэйгүүр нэгдрэл, нягтралыг МАН, МАХН-аар хязгаарлалгүй, улс төрийн чиг баримжаа нэгтэй нөхдүүд, намууд Монгол эх орныхоо язгуур эрх ашиг, хөгжлийн төлөөнэгдэж бодол оюунаа уралдуулан ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хоёр “толгойтой” болсон АН ч энэ бүхэн хамаатай. Учир нь сайн өрсөлдөгчтэй байж л сайн тамирчин төрдөгтэй адил хүчтэй сөрөг хүчин л нэг намын дарангуйлал тогтохоос хязгаарлаж, төрийн тэнцвэрийг хадгалах хүч нь байдаг. Үүсэл гарал, үзэл баримтлал нэгтэй улс төрийн хүчин хагаралдахын хэрээр жирийн гишүүд, дэмжигчдийн дунд ч ан цав үүсэж, гажуудал “удамшдаг” жамтай. Эвдрэлцэл сайн үр дүнд хүргэсэн түүх үгүй. Ер нь эвдрэлийн үүдийг намын гишүүд гэхээсээ амин хувийн эрх ашиг, хожоо харсан нам, үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хэдхэн нөхөд нээж, фракц,бүлэглэл талцал хуваагдлын алим шидэж, эцэстээ эх орны хөгжлийг хойш чангаасан үр дүнд л хүргэдэг. Харин үргэлж эвдрэлцлийн алим шиддэг олигархи бүлэглэлийн бууны ноход нам төрийн ажлын туршлагагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй, ёс суртахууны доголдолтой тэр ч байтугай намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө уншиж ойлгоогүй шууд крандуулсан тэд авилга, хээл хахууль өгч төрийн өндөр сэнтийд залран үргэлж хожсоор…Ер нь Монголын ардчиллын үнэт зүйлсийг алдагдуулахгүй нэг хүн, нэг намыг тахин шүтэх бус нийт эрх ашгийн төлөөх туган дор эвлэлдэн нэгдэж чаддаг улс төрийн хүчин болох шинэ хандлагыг төлөвшүүлэх нь чухал байна.Гэвч зөвхөн сонгууль бодож гар барьж, зөвхөн цөөн тооны нөхөд эрх ашгаа л харж тохой нийлүүлэн эвлэлдэн нэгдэж, зуурдын ашгийг л горилон наймаалцсаар байвал улс төрийн намуудад цаашид явах зам үгүй. Зүй ёсоороо тарж бутрах нь тодорхой. Яг л өрөм дотроосоо өтдөг шиг. Энэ нь нам нь хэдэн зуун жилийн түүхтэй байгаад ч нөлөөлөхгүй. Дүрэмгүйгээр тоглох цаг өнгөрсөн. Харин улс төрийн намууд хуучин дуугаа захиалж, хоцрогдсон дүрмээрээ тоглохыг эрхэмлэвэл цагаан тугаа өргөөд бууж өгөн, тарсан нь дээр. Хэдхэн хүн, цөөнхийн эрх ашигт үйлчилдэг нам байснаас байгаагүй нь үнэндээ дээр. Ард түмэн илүү хэрсүү, илүү хүчтэй болсон цаг. Аль нэгэн эрхтэн дархтан, аль нэг намыг орлох бус Монголын улс төр, эдийн засгийг аваад явах хүч байсаар байх болно.
Дэндэвийн Тэрбишдагва. 2021.04.29