УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН-ын батлахыг буцааж өгсөн даруйдаа АН-д элсэв. Гэхдээ Ц.Тувааны буюу О.Цогтгэрэлийн АН-ын батлахыг авав. Энэ хоёр хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын талын хүн гэдгийг улстөрчдөөс гадна эгэл жирийн иргэд ч гадарлахаар цаг хугацаа өнгөрчээ. С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг тохироо, итгэл үнэмшилтэйгээр О.Цогтгэрэлийн АН-д элссэн бололтой юм. Харамсалтай нь С.Эрдэнийн буюу М.Тулгат даргатай АН үүнийг эрс эсэргүүцэж эхэллээ.
АН-ын дарга асан С.Эрдэнэ “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой! УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна!!! Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй!” гэж мэдэгдсэн бол Э.Бат-Үүл “Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ?! Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага хангахгүй, 2 дугаарт, АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш, 3 дугаарт АН нь чавесчуудын нам биш, өөр мундаг олон нэр дэвшигчтэй!” гэж мөн л хилэгнэжээ. С.Ганбаатар гишүүний сонголт АН хоёр хуваагдаж, өөр өөр намын шинжийг илэрхийлэх болсныг илүү тод харууллаа.
АН-ын нөгөө тал нь С.Ганбаатар /Х.Баттулга, О.Цогтгэрэл/-ын эсрэг “троллуудаа дайчлах” хэмжээнд хүртлээ дургүйцлээ илэрхийлж байна.
Д.Лхагва