МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Шалтгаан нь МАН-тай нэгдсэн явдалд дургүй нь хүрсэнд байгаа гэнэ. Мань эрийн хувьд “Фенгшү” хэмээх нэр томьёог анх Монголд оруулж ирсэн цагаасаа эхлээд олонд танигдаж эхэлсэн гэхэд болно.
Багш, зөвлөх гэх мэтийн ажил хийж байгаад 2005 оноос улстөрд орохоос шийдсэн байгаа юм. Улмаар тухайн онд “Эрс шинэчлэл” гэх иргэний хөдөлгөөн байгуулснаар улстөрд эргэлт буцалтгүй хөл тавьсан. Ард түмний сэтгэлд нийцсэн үг хэлж, уриа лоозон бүхий жагсаал хийснийхээ хүчинд нийгэмд танигдаж эхэлсэн…
2007 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор карьер нь улам өссөн нь нууц биш. Олж авсан нэр хүнд дээрээ дөрөөлөн 2012 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшээд УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Байгаа, үгүй нь мэдэгдэхгүй үлбэгэр гишүүдийг бодвол тэрбээр идэвхтэй гишүүн байсан уу гэвэл байсан, үгүйсгэхгүй. Чуулганы танхимд босч үг хэлдэг болсноор “Босоо Ганбаа” гэдэг алдрын эзэн болсон билээ. Гол имиж нь тэр л дээ. Оюутолгойн гэрээний асуудлаар ордон дотроос хамгийн их дуугарсан хүний нэг бол “Босоо Ганбаа”.
2016 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагтаа нэр дэвшээд унасан ч улстөрөөс явсангүй. Түүний дараагийн алхам нь парламентад суудалтай намд элсч, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байлаа. Ямартаа ч босоо маань тэр боломжийг олж харсан бөгөөд МАХН-д элссэнээр алсын хүсэлдээ хүрэх нь тэр ээ. 2020 оны сонгуульд ч МАХН-аас нэр дэвшиж намаа парламентад суудалтай болгож чадав. Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин үзээд алдахаар шийдсэнээ үг, үйлдлээрээ харуулж эхэлсэн юм. Гэхдээ МАН улстөрийн илүү мэдрэмжтэйгээ харуулж МАХН-тай нэгдэх нүүдэл хийж эхэлсэн нь С.Ганбаатарыг гомдооход хүргэсэн бөгөөд тэрбээр өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр МАХН УИХ-д суудалгүй болов. Гэхдээ хоёр нам нэгдсэн цагт энэ нь гарз хохиролтой асуудал биш л дээ. Олон нийтийн хувьд түүнийг одоо ХҮН-аас нэр дэвшиж магадгүй гэж таамаглаж байх шиг. Гэхдээ улстөр гадарладаг хүмүүсийн хувьд тийм боломж байхгүйг төвөггүй олж харна. Яагаад гэвэл С.Ганбаатар 2015 онд ХҮН-ын даргаар сонгогдохдоо “2016 оны сонгуульд олонх болж, дараагийн том ялалтаа 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар авна” гэж ам бардам мэдэгдэж байсан ч жилийн дараа байдал өөрөөр эргэсэн юм. ХҮН ч дотроо бужигнаж, хоёр хуваагдлаа. С.Ганбаатар даргын мөрөөдөл ч талаар болов. 2016 оны сонгуулийн өмнөхөн ХҮН-ын удирдлагуудын тамга тэмдгээ булаалдсан зөрчил илэрхий болж дэд дарга Б.Найдалаа “С. Ганбаатар дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам дотор ямар ч асуудал байхгүй гэж ярьсан. Үнэнийг хэлэх хэрэгтэй. Нам дотор зөрчил гарсан. Гэхдээ бусад намд байдаг шиг хоёр талцаад, хоорондоо муудалцаад тамгаа булаацалдсан зүйл гэж ойлгож болохгүй. Цагаан сарыг тохиолдуулаад хуйвалдааны журмаар намын эрхийг авах гэсэн цөөхөн хүний үйлдэл л маргаан дагуулаад авлаа гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, манай намд Монгол орныг өөрчилье, хөгжлүүлье гэсэн үзэл санаанд нэгдсэн дийлэнх олон, 2016 оны сонгуулийн хувийн ашиг хонжоо харсан, албан тушаал горилсон ганц нэгхэн хүмүүсийн увайгүй үйлдэл хоёрын зөрчил юм” хэмээн мэдэгдсэнээр бүх зүйл тодорхой болсон юм. С.Ганбаатар ХҮН-аас “хөөгдсөн” нь ийм түүхтэй. Одоо өөртэй нь зөрчилдөж байсан хүмүүс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой шүү дээ. Үүнийг тэрбээр сайн мэдэж байгаа учраас МАХН-ын батлахаа эргүүлэн өгөөд АН-д яаравчлан элслээ. АН-ын даргаар сонгогдсон гэж өөрийгөө үзсэн ч Дээд шүүхээс хар тамга даруулсан О.Цогтгэрэл намын гишүүний батлахыг нь гардуулан өгчээ. АН-ын тухайн үеийн албан тушаалтнуудыг хамгийн их шүүмжилдэг байсан хүн өнөөдөр энэ намын хаяаг бараадах хувьтай байж. Хамгийн гол нь итгэж найдаж эгнээндээ авсан шинэ нам нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь л дэндүү ойлгомжтой асуудал. Өнөөдрийн хувьд АН удирдлага ч үгүй, хуучин, шинэ лидерүүд нь талцсан хэвээр байгаа. Ийм үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа намд С.Ганбаатар ямар тохироогоор элссэн нь одоогоор тодорхой бус байна. Ерөнхийдөө Н.Энхбаяраас салж Х.Баттулгыг бараадав бололтой.
Д.Лхагва