Монголын нийгмийг сошиалаар бужигнуулдаг, савлуулдаг, зүхүүлдэг, үхүүлдэг байдал хавтгайрсан. Үүнтэй бид өдөр бүр нүүр тулж байна. Иргэд нь орлогогүй, амьдралын баталгаа байхгүй, хөл хорио гээд иргэдийн бухимдуулах зүйл бишгүйдээ нэг байгаа тул бухимдлаа гээд тэднийг зүхэх нь утгагүй юм. Үүнийг овжноор ашиглаж улс төрийн ашиг хонжоо хайгчид ч зүгээр суухгүй байгааг бид харж байна.
Ямарваа нэгэн буруутай үйлдлийг ямар нэгэн сенсациар дарах технологи Монголд нутагшаад удаж байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч нэг л мэдэхэд тэр технологийн дагуу бухимдагчдын нэг нь болчихсон байдаг.
Сүүлийн үед гэхэд Үндсэн хуулийн цэц дээрх одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс ирэх зуны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх маргаанаас эхлээд улс төрийн хүрээнд талцсан асуудлууд бий. Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болсон, болоогүй гээд маргаж байх жишээтэй. Үүнийг дагуулаад Шадар сайдын гэргийг ХӨСҮТ-д нэвтэрсэн асуудлыг нийгэмд гаргаж ирсэн бол энэ сенсацийг Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг үхлүүт болтол зодсон явдал нам дарж байх жишээтэй. Араас нь даргадаа зодуулж үхсэн цэрэг, ахлагчийгаа буудаад хилийн заставаа орхин зайлсан хилчин хоёр цэрэг гээд сенсаци бүр ардаа түүнийг өдөөж байгаа нэг түлхүүртэй байгаа юм.
Худал, үнэн нь нотлогдоогүй ямар нэг мэдээллийг ямар ч цензургүй нийтлэх боломж сошиал орчинд байдаг. Нэг хүн хэдэн ч фэйсбүүк хаягнаас сэтгэгдэл бичиж болно. 100 хаяг эзэмшигч нэг хүн л хаяг тус бүрээсээ хэн нэгнийг гутаан доромжилсон зүйл бичсэнийг харсан хэн бугай ч “Үнэхээр иргэд дургүй байна” хэмээх ойлголтыг шууд авч байгаа юм. Нөгөө талд нь хэн нэгнийг дэмжсэн 100 хаягнаас ганц хүн сэтгэгдэл бичихэд түүн шиг мундаг хүн байхгүй мэтээр ойлголт төрнө. Хэн нэгнийг тэнгэрт тултал магтан энхийн цагаан тагтаа болгох, эсхүл амьд явах аргагүй болтол нь гүтгэж, харлуулах технологийн эзэд нь ихэвчлэн улс төрчид байх нь элбэг. Монголын нийгмийн сэтгэхүйг үндсэндээ троллчид удирдаж байгаа нь энэ. Тэдэнд хууль, журам огт хамаагүй. Улс төрийн ашиг хонжоогоо олж авч чадвал зорилго нь биелж байгаа нь тэр. Монголын улс төр иймэрхүү зарчмаар явж байна.
С.Баярцогтыг монголчууд оффшор данстай хэмээн цоллож, сошиалаар түүнийг цаазлах давлагаа хүртэл явж байлаа шүү дээ. Нэгэнт газар дор ортол хараал, зүхэл явсан тул шүүх үнэнээр нь шийдвэр гаргасан ч өөрсдөө сошиал цаазын тавцанд очих тул сошиалыг тодорхой хэмжээнд хардаг болсон нь нууц биш. Сошиал дагаж төрийн шийдвэр гардаг болсон нь ч үнэн. С.Баярцогтоос хойш хэчнээн хүний оффшор данс илрэв. Хэн нь С.Баярцогт шиг данстай байсан нь үнэн. Огт ашиглалгүй хаасан гэж хэлсэн юм. Бүгд амиа хоохойлж “Оффшор данс байхгүй” хэмээн зүтгэцгээсэн.
Хамгийн сүүлийн жишээ балетчин Б.Сүндэръяагийн асуудал. Хэн ч харсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэж хүний нэрийг л бичээгүй болохоос яг л түүнд чиглэсэн нийгмээр нь зүхүүлэх сошиал давлагаа эрчимтэй явагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөртэй нь ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэл гаргасан нь өөрийгөө илчилж өглөө гээд баахан буруутгав. Өчигдөр ямартай ч Б.Сүндэръяа өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв. Одоо бол сошиал даяар Ц.Анандбазарыг зүхэх операци явагдаж байгаа юм.
Эрхэм гишүүн Ц.Анандбазар үнэхээр тийм зүйл хийсэн бол нүдний булай болгох нь зөв. Шалгах нь зөв. Өмнөх процессуудыг харж байхад Б.Сүндэръяа мөн л УИХ-ын гишүүдтэй нэр холбогдож, “Амь насанд халдахыг завдсан, ээжийг маань хутгалсан. Айж байна. Төрийн хамгаалалт хүсч байна” гэх зүйлс яригдаж байсан ч шалгалтын явцад хойд эцэг нь ээжид нь тэгж хэрцгий хандсан болох нь тогтоогдон шүүхээр ял сонсож байсан. Б.Сүндэръяаг буруутгаж, Ц.Анандбазарыг зөвтгөх гэсэнгүй. Нэгэн дуучин эмэгтэй Б.Сүндэръяагийн сошиалд тавьсан мэдээллийг өлгөж аван маш олон хүнээс мэдээлэл ирлээ гэсэн. Чухам хэн гэдэг ямар хүнээс ирсэн нь тодорхойгүй, хэн нэгэн хүний 10 хаягнаас зэрэг бичсэн зүйл байвал яах вэ. Хэн нэгэн улс төрчийн захиалгаар хийж байвал яах вэ. Нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх хэрэгтэй. Гэх мэтчилэн хэн нь буруу, хэн нь зөв яриад байгааг сошиалчид биш хуулийн байгууллага нь шийдэх биз. Өмнө нь тэрбээр нэгэн нэвтрүүлэгт орохдоо Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнуудын найз, ОХУ руу төрийн зардлаар явсан мэт зүйл ярьсан ч хувийн хэвшлийн шугамаар явсан болох нь тогтоогдож байсан удаатай. Нэр холбогдсон хүмүүс нь ч тэр мэдээллийг нь үгүйсгэж байсан юм. Тиймээс бид мэдээллээ нягтлах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд цагаан дээр хараар бичсэн нь бий. Гэсэн ч бид сошиалаар ялладаг байдалдаа хатуу итгэл үнэмшилтэй, бат суурьтай болж. Энэ бол Монголын эмгэнэл шүү. Компьютерийн ард суугаа хэдэн нөхөр хуурамч хаягуудаар “нүдсээр” байгаад атгаг санаандаа хүрч, асуудлаа шийдэж авдаг зарчим руу бид халтирч болохгүй юмсан.
Хуульч Б.Баасанцогт, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир нарын бичлэг ил болсончлон цаашид ямар бичлэг, хэн нэгний ямар нэгэн гүтгэлгийн шинжтэй зүйлээр сошиал орчинд бухимдал төрүүлэхийг таашгүй.
Сошиал Монголын уураг тархи болчихдог юм бол хуулиар, шүүхээр ч яадаг юм. Ширэнгийн дүрмээр хуульгүй амьдарч дуртайгаа цаазалж, яллаж, магтан дуулмаар юм биш үү гэж бодогдтол сошиал хөөсрөл манай нийгэмд амь бөхтэй оршиж байна. С.Баяр, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Б.Болор, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд тэргүүтэй нийгмийн сэхээтэн гэгддэг хэсэг рүү цацсан угаадас тэднийг яллуулж байв. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бид хэдэн хүний хэчнээн сенсацитай нүүр тулахыг таашгүй.
Э.Энхболд. Эх сурвалж: “Өглөөний сонин”