Баабар “Ард түмэн ходоодоороо сонголт хийдэг” гэж аль 1990-ээд онд хэлчихсэн юм. Үүнд нь үнэмшчихсэн улстөрчид сонгууль дөхөхөөр “нумаа эгшээж, сумаа тавьдаг” болсон доо. Нэг ёсондоо ард түмний сэтгэл санааг татах гэж элдэв зүйл амладаг жишиг тогтсон гэсэн үг. 2004 оны УИХ-ын сонгуулиар АН “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд олгоно” гэдэг амлалт дэвшүүлж мөрийн хөтөлбөртөө суулгасан бол МАН-ын хувьд бид юунаас дутах вэ гэсэн шиг “Шинэ гэр бүлийн 500 мянга”-ыг бодож олж билээ.
Харин 2008 онд байгалийн баялаг гэдэг сайхан өгөөшөөр ард түмний сэтгэл санааг амархан эргүүлэх юм байна гэж итгэцгээсэн. Улмаар 2008 оны сонгуулиар АН бүх иргэнд 1000.000 төгрөгийн “Эрдэнийн хувь” өгөхөө амалсан бол МАН 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг” олгохоо мэдэгдсэн. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар энэ амлалтаа биелүүлэх гэж 805 тэрбумыг тарааж, үр дүнд нь улс маань эдийн засгаараа тамирдаад үлдсэн билээ. Энэ их мөнгийг ажлын байр бий болгох ч юм уу илүү үр ашигтай зүйлд зарцуулсан бол ирээдүйд хэрэгтэй байлаа. Хөгжлийн бодлого дөрөвхөн жилд баригдаад байхаар нөхцөл байдлын түвшин хэзээ ч ахихгүй! Үндэсний хөгжлийн цогц бодлогогүй орон хойшоо л ухрахаас урагшаа алхахгүй!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын хүнд хэцүү цагт өрх бүрд 1 сая төгрөг олгох саналыг гаргаж, Засгийн газрыг шахдаг ажилтай боллоо. “Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснийг Ерөнхийлөгчийн ач гэж ард түмэн ойлгосон нь дамжиггүй. Одоо 1 саяын саналаа шийдүүлчихвэл болох нь тэр” гэж хараад байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оноо авах хамгийн чухал хөзөр гэж найдаж байна.
Д.Лхагва