“Загас барьж өгснөөс загас барих аргыг нь зааж өг” гэдэг сургааль үг бий. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх хэрэггүй гэсэн утга санаатай үг гэдгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Монголд ч “Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэр хоолгүй” гэдэг мэргэн үг байдаг. Бас л хүнийг ажил хөдөлмөрт л сурга. Зүгээр тэжээх нь залхуу, арчаагүй хүнийг бий болгодог гэсэн агуулгатай.
Гэхдээ Монголын яг одоогийн нөхцөл байдалд эдгээр зүйр үг зохихгүй. Яагаад гэвэл урьдчилан төлөвлөөгүй онцгой нөхцөл байдал үүсээд байгааг хэн хэнгүй харж, мэдэрч байна. Хувийн хэвшлүүд ээлж дараалан хаалгаа барьж, жижиг, дунд худалдаа эрхлэгчид, өдрийнхөө орлогоор амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдрал 0 зогсолтод орох эрсдэл хэдийнэ үүсчихлээ.
Дэлхийн олон улс орон цар тахлын хөл хорионы үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ард иргэдээ тэтгэх арга хэмжээ авсан. Монгол Улсын Засгийн газар ч ард түмэн рүү чиглэсэн нийгмийн чанартай хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнийг бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна гэж мушгиж болохгүй л дээ. Онцгой нөхцөл байдлын үед ард түмнээ анхаарах нь төрийн үүрэг биз дээ? Тэгээд ч Монгол шиг цөөхөн хүн амтай улсад зүүний бодлого хамгийн оновчтой гарц, шийдэл юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгөнөөс өрх бүрт сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Ерөнхийлөгчийн саналаар бол айл болгонд 200 мянган төгрөг бэлнээр олгож, үлдсэн 800 мянгыг нь архинаас бусад хүнс худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр өгөх юм. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ тийм ч амархан хэрэгжих санаа биш ажээ. Учир юу гэвэл Сангийн сайдын мэдээлж байгаагаар гаднаас манай улсын төрийн санд мөнгө орж ирээгүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл орж ирсэн байлаа ч хүний хувийн өмчийг төр захиран зарцуулах эрхтэй юү, тийм хууль бий юү гэдэг асуудал үүснэ. Олон жил бизнес эрхэлж олсон хэдээ оффшор бүсэд хадгалуулсан хүмүүс ч байгаа. Нэг ёсондоо төрд ажиллаж үзээгүй, улсын мөнгөнөөс идэж уугаагүй гэсэн үг. Феодалын хөрөнгийг нийгэмчилж байсан түүх тэр хүмүүс дээр хэрэгжих, давтагдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ хөрөнгийг дээрэмдээд тарааж өгч болох уу? Бид ардчилсан Үндсэн хуульт шинэ Монгол Улсад амьдарч байгаа биз дээ?
Д.Лхагва