АН өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе. Яг ийм гарчигтай нийтлэлийг Баабар одоогоос 15 жилийн өмнө бичиж байсан юм. Тухайн үед М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, намын дотоод эв нэгдэл нь байдгаараа ганхсан үе байлаа. Ерөнхийдөө АН доторх олон фракцуудаас “Алтан гадас”-ын хүч түрэлт ид хүчээ авч байсан цаг. Олон хүн намынхаа хаалгыг саваад гарсан даа. Нэг жишээ татахад л М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил тэргүүтэн өөр нам байгуулж, шинэчлэлийн төлөө гэсэн хэд хэдэн хүн намаа орхисон.
Тэр цагаас хойш АН эв нэгдлээ нэг л сайн хангаж чадсангүй. Ц.Элбэгдорж 2006 оны 3 дугаар сарын сүүлчээр хуралдсан АН-ын Онц их хурлаар намын даргаар сонгогдсон ч байдал сайжраагүй. 2008 оны сонгуулиар АН ялагдал хүлээж, Н.Алтанхуяг намын даргын тамгыг гардан авсан. Гэвч 2014 оны 11 дүгээр сарын 5-нд түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр тэрбээр намын даргаасаа ч огцорсон юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад олуулаа болсон ч эрх мэдэл, эрх ашгийн тулаанаас болж Засгийн газраа огцруулсан гэдэг. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн найруулсан хоронд шинэчлэлийн Засгийн газар огцорсон гэж Н.Алтанхуяг одоо хэр тайлбарладаг.
Юутай ч Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудалтайгаа хамт намын даргаа өгч, З.Энхболд халааг нь авсан. Тэр хүн намын даргын тамгыг алд цэнхэр хадагтай тосч авахдаа “Одооноос эхлээд АН фракцгүй нам боллоо” хэмээн сүр дуулиантай мэдэгдсэн билээ. Намын даргын хэлснээр фракцууд нь салж бутрах юм гэж хаа байхав дээ. Эрх ашиг, амбиц гэдэг юм хэвээр үлдсэн болохоор АН дотоод зөрчлөө мөн л шийдэж чадаагүй. 2016 оны сонгуулиар АН ердөө есөн суудал авав. Дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний үр дүн. З.Энхболд ч хариуцлагаа хүлээж, С.Эрдэнэ намын дарга боллоо. Ийм өөрчлөлт хийлээ гээд АН дотоод зөрчил шийдэгдэж, эв нэгдэл нь хангагдсангүй. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах намын бүлгийн шийдвэрийг сөрсөн, бие даасан тоглолт хийсэн гэдэг шалтгаанаар Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болдын сонгуульд өрсөлдөх эрхийг 4 жилээр хассан. Гэвч энэ шийдвэрт эгдүүцсэн Л.Болд төрөлх АН-аасаа гарч байгаагаа мэдэгдсэнээр АН УИХ-д бүлэггүй болж билээ. Э.Бат-Үүл “Хөөдөг нь яаж байгаа юм” гэж нэг том “хашгираад” буурал толгой сэгсэрсэн санагдана. Ямартай ч Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарсан нь намынх нь доторх “дайн дажин” хэвээр байгааг илтгэсэн юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулснаар унаж байсан АН-ын нэр хүнд мэдэгдэхүйц дээшилсэн ч өөрсдөө эв зүйгээ, үг хэлээ олж чадахгүй байснаар 2020 оны УИХ-ын сонгуульд боломжоо дахин алдсан. Намын дарга С.Эрдэнийгээ эсэргүүцсэн “бослого хөдөлгөөн” сонгуулийн өмнө мөн ч их болсон доо. Үр дагаварт нь АН дахиад л том ялагдал хүлээсэн. С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж байгаагаа мэдэгдэж Ц.Туваанд намын даргын тамгаа шилжүүлсэн. Гэхдээ бүр биш түр үүрэг гүйцэтгэгчээр томилж байгааг анхааруулсан нь цаанаа нарийн учиртай байж. Тухайн үед С.Эрдэнэ “АН эв нэгдэлтэй байж, ардчиллын төлөөх намууд нэгдэж нягтрах цаг болж” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Үүрэг гүйцэтгэгч дарга Ц.Туваан ч 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн “Тардаг биш цугладаг нам байх ёстойг ухаарлаа” гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш эдгээр уярал ухаарлын гоё үгийн хүрээнд асуудал шийдэгдсэнгүй. Уг нь АН 2020 оны орон нутгийн сонгуульд 8 аймагт ялалт байгуулж, санасныг бодвол амжилттай оролцсон шүү дээ. Даргагүй шахам ороод ийм амжилт үзүүлнэ гэдэг чамлахаар зүйл биш. Харамсалтай нь тэр үр дүндээ дөрөөлөөд сэргэн мандах алхам хийж чадахгүй байна. Нөгөө л тамга тэмдгээ булаалдсан буудалцаан дахиад өрнөчихлөө. Асуудлыг ажиглавал С.Эрдэнийн намын даргын эрхээ сэргээх гэсэн улайрлаас болоод АН ойлгомжгүй том гацаанд оров бололтой. Сая С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би энэ асуудлыг өнгөрсөн зургаан сар ажиглалаа. Ц.Туваан гэж хүн АН-ыг самарч байна. АН-ын 10 дугаар их хурлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулах тусгай журам, дэг батлаагүй. Манай намын үндсэн дүрэмд цахимаар хуралдах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Тиймээс үндсэн дүрэмдээ тусгай журам батлуулж, их хурлаа зохион байгуулах ёстой байсан. Арванхоёрдугаар сарын 18, 19-нд зохион байгуулсан Ардчилсан намын 10 дугаар их хурал нь хууль бус хурал болсон. Манай намын дүрэмд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал огт байхгүй. Тийм учраас би Ц.Туваанд олгосон түр эрхээ цуцалж, 24 цагийн дотор Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өгөхийг шаардаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч миний хүсэлтийн дагуу хуучин тамгыг хүчингүй болгож, надад шинээр тамга авах эрх өгсөн” гэж өөрийнхөө болон бүлэглэлийнхээ байр суурийг их л тодорхой илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн ярьж байгаагаар энэ хүн АН-ын даргын эрхээ буцааж сэргээсэн мэт ойлгогдож байна. Угаасаа С.Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улсын дээд шүүхэд хүргүүлсэн хүсэлтдээ “АН-аас Улстөрийн намын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын дээд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн АН-ын 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд зохион байгуулсан гэх Их хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг буцаан татах хүсэлт гаргаж байна. Улсын дээд шүүхэд хүргүүлсэн 10 дугаар Их хурлын бичиг баримтуудад АН-ыг төлөөлөн дарагдсан тамга хүчингүй болсон, төлөөлөх эрх бүхий хууль ёсны этгээдийн гарын үсэг зурагдаагүй зэрэг танай байгууллага хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АН-аас хүргүүлсэн баримтуудыг дутагдалгүй бүтнээр нь хуульд нийцүүлэн буцаан ирүүлнэ үү. АН-ын дарга С.Эрдэнэ” гэсэн албан бичиг илгээсэн байх юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргын суудлаа буцааж авсан гэдгээ мэдэгдсэн гэсэн үг. Дээд шүүх хариуд нь тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүртгэсэн гэдэг хариу өгсөн байна. Үүнээс болоод энэ улстөрийн хүчинд хуваагдах, задрах үйл явц өрнөх нь тодорхой болчихлоо. Ядаж байхад нэгэн цагт АН-ыг удирдаж явсан Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар хэвлэлээр байн байн дайн зарладаг нь үүний нэгээхэн том нотолгоо болж байна. Хоорондоо “алалцаад” байгаа хуучин лидерүүдийнх нь өөрсдийн гар хөлөө намын толгойд залах замаар байр сууриа хадгалж үлдэх гэсэн ашиг сонирхолоос болоод шинэ залуу хүмүүст боломж гарахгүй байгаа нь АН-ыг унагаж байх шиг. АН “нүд аньсныг” Баабар аль 15 жилийн өмнө оношилчихсон юм биш үү?
Дажсүрэнгийн Лхагвадорж