Маск ба бид
Амны хаалт бол аливаа амьсгалын замын өвчлөлөөс хамгаалдаг хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Харамсалтай нь өнгөрөгч хавраас хойш өнөөдрийг хүртэл буюу цар тахлыг дотроо алдах хүртэл монголчууд маскийг үндсэндээ мартаад байлаа. Назгайрч, хэнэггүйтсэн хүмүүс юу ч болоогүй мэт хаа сайгүй хэлхэлдэнэ. Томоохон худалдааны төвүүд, супермаркет, эмнэлгийн хаалган дээр “Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй”, “Бага насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг хүсье” гэсэн бичиг байсан ч нийслэлчүүд амны хаалт зүүх нь өдрөөс өдөрт ховордож байлаа. Худалдаа, үйлчилгээнийхэн өөрсдөө макс зүүхгүй байж үйчлүүлэгч, хэрэглэгчдэд шаардлага тавина гэдэг утгагүй.
Хаваржин, зунжин, намаржин маск зүүсэн хүн өдрийн од шиг л ховор байв. Шалтгааныг нь асуухаар дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр “Манайх дотроо алдаагүй юм чинь” гэдэг үгээр ам таглана. Тухайн үед дотооддоо алдаагүй байсан нь худлаа биш л дээ. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд хийсэн удаа дараагийн үнэлгээний хариу нь “Коронавируст халдварыг дотооддоо алдах эрсдэл маш өндөр” гэж гарч байсан юм шүү дээ. Үүнийг бодож тунгаах ухаан сөхөөтэй хүн даанч цөөхөн байсан даа. Эрүүл мэндийн яамны хариуцлагатай албан тушаалтан “Монгол Улс халдварыг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал болоод байна” гэж шуудхан мэдэгдэж байсан нь “Хаа хаанаа болгоомжтой байж, амны хаалтаа зүүж халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлах шаардлагатай. Тайвшрах болоогүй” гэсэн сануулга байсан. Үүнийг эргэцүүлээд бодчих хүн өвсөн дотроос зүү эрэхтэй л адил цөөн байсан гэхэд хилсдэхгүй.
“Энх саран” сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан тээврийн жолоочоос “Ковид-19” халдвар илэрсний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-нд улсын хэмжээнд тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо. Хот, хөдөөгүй эргээд маскандаа оров, хүссэн хүсээгүй.
Одоо бол амны хаалтгүй хүнийг олж харахад хэцүү, бараг байхгүй. Гэхдээ л ёс төдий ам хамраа хаасан хүмүүс мөн ч олон байна даа. Өөрөөр хэлбэл, маскны тамтаг зүүж дүр эсгэсэн хөгшин, залуу хүмүүс гудамж талбай, дэлгүүр, банк, нийтийн тээврээр дүүрэн байгааг шулуухан хэлэхээс өөр арга алга! Гадуур явж байгаа иргэдийн зүүсэн маскийг харвал 80-90 гаруй хувь нь нэг удаагийнх. Гол аюул үүнд байгааг хүмүүс бодолцож, өөртөө ч, өрөөл бусдад ч шаардлага тавих зайлшгүй хэрэгтэй байна. Яагаад гэвэл эрүүл ахуйн талаасаа нэг удаагийн амны хаалтыг 2 цаг тутамд солих шаардлагатай. Гэтэл хэд хоног хэрэглэсэн нь мэдэгдэхгүй урагдаж, салмайх нь холгүй болсон “маск” нүглийн нүдийг гурилаар хуурах мэт гадуур тэнүүчилнэ. Түүнийгээ хаа тааралдсан газраа хаях нь гутмаар. Энэ бол ерөөсөө л нийгмийн сэтгэлгээ ядууралд орсны нэг илрэл. Бусдын эрх ашигт захирагдаж амьдрах нь суурин соёл иргэншлийн гол ухагдахуун, үндсэн зарчим гэдэг ухамсар бүрэлдэж амжаагүйн хар жишээ.
Ямар маскийг яаж зүүх, яаж авах, яаж хаях зэргийг сайтар баримтлахгүйгээр зүгээр л амандаа “нэг юм” наачихаар бүх аюул холдохгүй гэдгийг хүн л юм бол яагаад бодож тунгааж, ойлгохгүй байна вэ!
Дэлгүүр ба үйлчүүлэгч, бас бидний бүдүүлэг зуршил
Өдрийн 11.30 цаг. Гэрийнхээ ойролцоох супермаркет руу орохоор явж байтал өндөр биетэй махлаг залуу явган хүний зам дээр нусаа палхийтэл нийж орхив. “Чи одоо яаж байгаа нь энэ вэ?” гэвэл ихэд муухай харснаа цааш алхчихлаа. Дэлхий нийтийг цочроосон аюулт халдвар Монголд гарсан хүнд хэцүү үед нэг нэгэндээ тавьсан шаардлагыг хүлээж авах талаар ямар ч ойлголтгүй нөхөр бололтой.
Дэлгүүрт орвол халдвар хамгааллын хувцастай эмэгтэй орсон бүх хүний хүний халууныг үзэж байв. Харамсалтай нь нэг залуу хүүхэн дээгүүр харсаар хажуугаар нь өнгөрөв. Хамгааллын хувцастай хүн араас нь “Халуунаа үзүүлж, гараа ариутгахгүй бол оруулахгүй” гэж анхааруулсан ч нөгөөх эмэгтэй сонссон шинжгүй хурдан хурдан алхсаар заал руу орлоо. “Халуунаа үзүүлэхгүй, уурлаад байдаг хоосон толгойтой хүмүүс байх юм. Би өөрсдийнх төлөө л энд сууж байгаа ш дээ” гэж иргэдийн халууныг үзэх үүрэгтэй бас эрхтэй, нэг ёсондоо хяналтын ажилтан бүсгүй бухимданa. Өнөөдрийн байдлаар /2020.12.01/ 63,290,093 хүнийг өвчлүүлж, 1,500,000 орчим хүний амийг аваад байгаа аюулт вирус Монголд дэгдээд байхад тоомжиргүй, дураараа хүмүүсийн толгойд юу бодогдож явдаг бол гэж өөрийн эрхгүй харуусан бодлоо.
Энэ бол энгийн нэг ханиад биш. Вакцин нь одоо хэр албан ёсоор гарч амжаагүй, эм тариа нь ч тодорхой биш, улс нийгэмд ноцтой хор хохиролтой халдварт өвчин шүү дээ. Эх орондоо хайртай хүн болгон халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах ёстой атал өөрийнхөө хүмүүжил төлөвшил, ааш араншингаар асуудалд хандаж байгаа хүмүүс бол хатуухан хэлэхэд нийгмийн дайснууд. Эх орон гэдэг нь ерөөсөө л Монголын ард түмэн. Иргэн бүр нэг нэгнээ хайрлах нь эх орноо хайрлаж байна гэсэн үг. Үр хүүхдээ хайрладаг, өвчин зовлон холуур өнгөрөөсэй гэж залбирдаг хэрнээ нус цэр, шүлсээ хаа хамаагүй хаяж явдаг, амны хаалт зүүдэггүй, халдвар хамгааллын дэглэмийг зөрчдөг, шаардлага тавихад дургүйцдэг мулгуу хүмүүст эх орноо гэх сэтгэл байхгүй гэж ойлгохоос өөр арга алга. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой нөхцлийн үед батлагдсан дүрэм журмын дагуу л ажиллаж, амьдрах ёстой. Зах, супермаркет, худалдааны төвүүд рүү орохдоо тусгай үүрэг хүлээсэн хүнд биеийнхээ халууныг заавал хэмжүүлэх ёстой. Хэрвээ ингэхээс дургүйцэж, уур чинь хүрээд байвал олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилгээний газрууд руу бүү зүглэ!
Жич: Ариутгал цэвэрлэгээгээ тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталдаг дээрх шиг супермаркетууд байх нь байгаа. Гэхдээ “Супермаркет” гэсэн том хаяг зүүчихээд угаалга, цэвэрлэгээг оромддог нь ийм маш эгзэгтэй, эрсдэлтэй үед олон байх шиг. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ойролцоох супермаркетад орвол халдвар, хамгааллын хувцас өмсөөгүй гадуур хувцастай залуу их л залхуутайгаар бусдын халууныг үзсэн болж байлаа. Дэлгүүрийн шал нь нэлэнхүйдээ шавхайгаар бохирджээ. Цас орсны улмаас гадаа шавар шавхай ихтэй байгаа хэдий ч тухайн супермаркетийн зүгээс ариун цэврийн асуудалд онцгой анхаарах ёстой биз дээ?! Жирийн биш маш эрсдэлтэй онцгой үе бол өнөөдөр!
Коронавирус ба бидний уур уцаар
Коронавирусээс хамгаалах аргын нэг бол дархлаагаа дэмжих. Энэ утгаараа иргэдийг аль болох уурлаж уцаарлахгүй уужуу тайван байх, нэг нэгэндээ эерэг хандлага төрүүлэх, баталгаагүй мэдээллийг шүүрэн авч дамжуулахгүй байх, олон нийтийн сүлжээг бага ашиглахыг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл уурлаж бухимдах нь дархлааг сулруулах хамгийн том дайсан. Гэтэл бид хуучин шигээ л нэг нэгэнтэйгээ уралцах гээд байгаа нь харамсалтай.
…Зүүн 4 замын зүүн хойно байх нэгэн худалдааны төв. Намхавтар залуу зүүн хаалгаар нь орох гэтэл цас шүүрдэж байсан эмэгтэй “Урд хаалгаар ор. Би мэддэг хүн нь байна” хэмээн зандрав. Залуу “Хүнтэй аятайхан харьцаач” гэвэл цаанаас нь ахимаг настай биерхүү эр “Чи одоо юу гээд хуцаад байна” гэж ирээд л нөгөө залууг эгээтэй л цохиод авсангүй. Амьдрал үзэж, доль цохьсон хүмүүс гэхэд харилцааны наад захын соёлд суралцаагүй нь харамсалтай. Энэ мэт ухамсар дорой хандлага, бүдүүлэг авир цар тахлын аюулыг даван гарахад гай болно уу гэхээс нэмэр болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Фейсбүүк, твиттерээр дүүрэн авахын аргагүй хараал зүхэл. Гэртээ уйдсан хүмүүс нийгмийн сүлжээгээр зугаацах нь эрс нэмэгдсэн. Харамсалтай нь хүмүүсийн сэтгэл санааг сэргээх, урам зоригийг нь бадраах, шинэ санаа өгөх пост, коммент ховор. Нэг нэгнээ хайрлаж, өрөвдөх ухамсрыг сошиал орчин залгиж байгаа гэхэд хилсдэхгүй. Хэн нэгэн рүү санаатай, санамсаргүй муухай харчихаад сэтгэл нь зовдог, бүр шаналдаг нь ухамсарт хүний мөн чанар шүү дээ. Гэтэл тэр сайхан шинж сошиалаас нэг л харагдахгүй байна! Өдөөн хатгалга, гүтгэлэг, доромжлолоор цөөхөн монголчууд яах юм бэ? Өвчин тахлын үед олон түмнийг улам хямрааж, эв нэгдлийг улам сарниулах аюул занал цаана нь бодитой харагдаж байгааг соргогоор харж мэдэрч, ухаарая!
Сэтгүүлч Д.Лхагвадорж